Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эх баригч эмч хүүхэд хулгайлжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд наймаалах зорилгоор хулгайлсан Чжан Шуся эх баригч эмчид Хятадын Шэнси мужийн Фулин хотод цаазаар авах ял оноожээ

Түүний хулгайлсан хүүхдүүдийн нэгнийх нь ээж эх баригчийг хулгайд хардаж байгаагаа цагдаагийнханд мэдэгдсний дараа түүнийг баривчилсан байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад зургаан нярайг амьдаар нь олж чаджээ.

Чжан Шуся 2011 оны 11 дүгээр сараас 2013 оны долоодугаар сарын хооронд наймаачдад долоон нярай хүүхэд наймаалсны дотор хоёр ихэр хүүхэд байжээ. Тэрбээр хулгайлсан хүүхдүүдийг Хайнань руу дахин наймаалдаг байсан хоёр сэжигтэнд худалддаг байсан тухай мэдүүлэг өгсөн байна.

Түүний хулгайлсан хүүхдүүдийг олж илрүүлэх үед зургаан хүүхэд нь амьд харин нэг охин амиа алдсан байсан гэнэ. Эх баригч эмч хамгийн сүүлд 2013 оны долоодугаар сарын 16-ны өдөр хүүхэд хулгайлсан байна. Энэ өдөр 23 настай эмэгтэй эрүүл саруул хүү төрүүлсэн ч Чжан эмч нярай төрөлхийн хүнд өвчтэй, тиймээс хүүхдээсээ татгалзах хэрэгтэй хэмээн ятгасан гэнэ. 

Харин хүүхдийн эцэг эх эмчид итгэлгүй, долоодугаар сарын 20-ны өдөр цагдаагийнханд мэдэгдснээр наймдугаар сарын эхээр хүүхдээ эсэн мэнд олж авчээ. Ингээд Чжан эмчид хэрэг үүсгэн шалгах үеэр түүний өмгөөлөгч эцэг эхчүүдийг өөрсдөө хүүхдээсээ татгалзсан, Чжан эмнэлэгт ажиллаад олон шагнал хүртсэн хэмээн хамгаалж байсан гэнэ.