Таван жилийн өмнө байгуулагдсан гэрээний хугацаа дууссаны үр дүнд Европын Холбооны зах зээлд Украины нутгаар дамжин нийлүүлэгддэг Оросын байгалийн хийн урсгал өчигдрөөс эхлэн зогссон байна.
Энэ үйл явдалтай холбогдуулан хэлсэн үгэндээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Орос улс бидний цусаар нэмэлт олон тэрбумыг олохыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.
Польшийн засгийн газар үүнийг Москвагийн эсрэг байгуулсан “бас нэг ялалт” гэж мэдэгдсэн байна.
Энэ зогсолтод Европын Холбоо бэлтгэлтэй байсан тул ихэнх гишүүн улсуудад нь асуудал үүсэхгүйг Европын Комисс мэдэгджээ.
Харин Европын Холбооны гишүүн бус Молдов улс үүнтэй холбоотой түлшний хомсдолд орж эхэлсэн байна.
Украинаар дамждаг нийлүүлэлт зогссон ч Орос улс Хар тэнгисийн усанд доогуур татсан Turk Stream хоолойгоор Унгар, Турк, Серби улсуудад хий нийлүүлсэн хэвээр байгаа.
Лхагва гарагийн өглөөний 8:00 цагаас эхлэн Украины нутаг дэвсгэрээр дамжин Европын Холбооны орнуудад нийлүүлэгддэг хийн урсгал зогссоныг Оросын төрийн өмчит Газпром компани мэдээлжээ.
Москвагийн эрх баригчид 1991 оноос хойш Украины нутгаар дамжуулан Европын зах зээлд байгалийн хий экспортолж байсан юм.
Украины дайн эхэлсний дараа Европын Холбоо хийн худалдан авалтын хэмжээгээ мэдэгдэхүйц бууруулсан ч зүүн бүсийн гишүүн орнууд нь Оросын нийлүүлэлтээс хамааралтай хэвээр, жил бүр $5.2 тэрбумыг худалдан авахад зарцуулдаг.
2021 онд Европын Холбооны хийн импортын 40 хувийг ОХУ хангаж байсан бол 2023 онд 10 хүрэхгүй хувь болжээ.
Гэвч Словак, Австри зэрэг хэд хэдэн гишүүн орон Оросын хийг худалдан авсан хэвээр байв.
Австрийн засгийн газар олон эх үүсвэрээс худалдан авдаг болсон, нөөц хуримтлалаа нэмэгдүүлсэн тул хийн тасалдал үүсэхгүйг мэдэгджээ.
Харин Оросын хийг хэрэглэдгээс гадна нутаг дээгүүрээ Австри, Унгар, Итали улсуудад дамжуулсны хураамж авдаг байсан Словак улсын хувьд нөхцөл байдал нэлээд хүндэрч байна.
Тус улс өөр замаар импортлох шаардлагатай болсон тул 2025 онд хийн үнэ тариф нэмэгдэхээр болж байгаа.
Словакийн ерөнхий сайд Роберт Фико энэ тасалдал нь Европын Холбоонд ноцтой үр дагавартай бол ОХУ-д ямар ч нөлөө үзүүлэхгүйг өчигдөр анхааруулжээ.
Саяхан Москвад гэнэтийн айлчлалаар очиж, Путинтэй уулзсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт Украинд нийлүүлдэг эрчим хүчээ таслахаар сүрдүүлж байсан юм.
Хариуд нь Зеленский түүнийг “дайныг санхүүжүүлж, Украиныг доройтуулсан” хэмээн шүүмжилж байв.
Хэрвээ Словак улс нийлүүлэлтээ тасалбал Польш улс Украинд эрчим хүч нийлүүлэхээ мэдэгджээ.
Цахилгаан станцууд нь Оросын агаарын цохилтод байнга өртдөг Украин улсын хувьд хөрш орнуудынх нь эрчим хүчний нийлүүлэлт амин чухал хэрэгцээтэй юм.
Украинаар дамждаг хий нь бас Оросын тусламжтай Молдовоос салан тусгаарласан Транснистрийн бүс нутагт аюул учруулж байна.
300,000 орчим хүн оршин суудаг энэ бүс нутаг шинэ оны эхний өдрөөс эхлэн дулаан, халуун ус тасарсан тухай мэдээ иржээ.
Орон нутгийн эрх баригчид иргэдэд дулаан хувцаслаж, гэр бүлээрээ нэг өрөөнд хамт байх, цонхоо зузаан хөнжлөөр хаах, цахилгаан халаагуур ашиглах зэрэг аргуудыг зөвлөсөн байна.
Молдов улсад бас арванхоёрдугаар сарын дундуур 60 хоногийн хугацаатай эрчим хүчний онц байдал зарлаад байгаа.
Хэдий тийм боловч Молдовын засгийн газар Транснистрийн эрх баригчдад тусламж үзүүлэх санал тавьснаа мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!