Уншиж байна ...

“Филиппин улстай танилцъя, Филиппинд зочилъё” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

ikon.mn
2024 оны 12 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Бээжин хот дахь Бүгд Найрамдах Филиппин Улсын Элчин Сайдын Яамнаас “Филиппин улстай танилцъя, Филиппинд зочилъё” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд танилцууллаа.

Үзэсгэлэн 2024 оны 12-р сарын 9-с 12-р сарын 14-ний хооронд Шангри-Ла худалдааны төвийн 1-р давхарт зохион байгуулагдаж буй бөгөөд хүрэлцэн ирсэн зочдод Филиппиний байгалийн үзэсгэлэнт газар нутаг, соёлын баялаг өвийг өөрийн нүдээр харж, соёрхох боломжийг олгож буй аж.

Энэхүү арга хэмжээний нээлтийн ёслол 12 дугаар сарын 9-ний өдөр ёслол төгөлдөр эхэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хаймэ А. ФлорКруз болон Монгол улсад суугаа Бүрэн Эрхт Консул С.Энхзул нар нээлтийн үгийг хэлж, бэлгэдлийн тууз хайчилжээ.

Элчин сайд Хаймэ А.ФлорКруз хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Филиппин нь далайн биологийн төрөл зүйлийн төвд буюу хамгийн олон төрөл зүйлийн далайн амьтад нутагшдаг биологийн өвөрмөц тогтоц бүхий газар байрлалтай бүлэг арлын орон билээ. Арлын орон гэдэг нь Филиппинийг зөвхөн газарзүйн байршлаар тодорхойлоод зогсохгүй бидний амьдралын хэв маягийг тодорхойлсоор ирсэн ойлголт юм.

Манай улс энэ онд Дэлхийн Аялал жуулчлалын шагнал гардуулах ёслолоос зургаа дахь жилдээ дараалан “Дэлхийд тэргүүлэгч усанд шумбалтын газар”-аар тодроод байна.

Үүнээс гадна тус шагнал гардуулах ёслолын холбооноос Боракайг “Дэлхийд тэргүүлэгч тансаг зэрэглэлийн арал”, Аманпулог “Дэлхийд тэргүүлэгч усанд шумбалтын амралтын газар”-аар тус тус нэрлэсэн билээ.

Эдгээр нь таны аяллын жагсаалтад зайлшгүй байх ёстой газрууд хэмээн бид үзэж байна. Филиппин-Монголын харилцаа бэхэжсэнээр бид Монголоос Филиппин рүү захиалгат нислэг үйлдэх болсон нь манай хоёр орны иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэх боломжийг олгож буй юм. Тиймээс бид та бүхнийг Боракай, Палаванд усанд шумбаж, сардин загастай зэрэгцэн усанд сэлж, Себу дахь халиман аварга загасыг харж нүдээ хужирлахыг урьж байна. Цас мөстэй өвлөөс түр зугтаж, нарлаг халуун Филиппинийг зориорой” гэв.

Тус гэрэл зургийн үзэсгэлэн нь Филиппин улс дахь 7000 гаруй арал дээрх үзэсгэлэнт далайн эрэг, байгалийн гайхамшигт тогтоц газрууд, арлын орны өвөрмөц амьдралын хэв маягийг сурталчлан таниулах, монголчуудыг Филиппинд зочлохыг уриалах, цаашлаад хоёр орны соёлын харилцааг гүнзгийрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж буй юм.

Тус үзэсгэлэн олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй дэлгэгдэж буйгаас гадна газрын диваажин гэгдэх Филиппиний арлуудаар аялах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй мэдээлэл олгох тул Шангри-Ла худалдааны төвийн 1-р давхарт хүрэлцэн ирж, таалан соёрхоно уу.

фото:

Үзэсгэлэнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх QR кодыг уншуулан авна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.