Өнгөрсөн амралтын өдрүүдээр жүдогийн энэ оны сүүлийн цуврал тэмцээн болох Токиогийн Их Дуулга тэмцээн өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 44 орны 274 жүдоч (эрэгтэй 149, эмэгтэй 125) Их Дуулга тэмцээнд өрсөлдсөн юм. Манай улсаас эмэгтэй найм, эрэгтэй 11 жүдоч оролцов.
Тэднээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн өсвөрийн дэлхийн аварга Тэрбишийн Ариунзаяа хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Казахстаны Дана Абридова, ОХУ-ын Ирина Зуеваг ялсан ч Японы Фүчида Мегүмид хожигдсон. Улмаар дагах барилдаанд Бразилын Жессика Лимаг, хүрэл медалийн төлөө Японы Момо Тамаокиг ялснаар Их Дуулга тэмцээнээс анхны медалиа зүүсэн нь энэ юм.
Т.Ариунзаяа өнгөрсөн наймдугаар сард Перугийн Лима хотод болсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн билээ.
Манай бусад тамирчдын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-ын жинд Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёлк, 66 кг-ын жинд Ё.Басхүү нар V байр эзэлсэн бол -100 кг-ын жинд өрсөлдсөн А.Энхбаяр VII байрт оржээ.
Багийн дүнгээр япончууд 13 алт, есөн мөнгө, 16 хүрэл медаль түүсэн бол БНСУ, Итали, Гүржийн баг тус бүр нэг мөнгө, Канад хоёр хүрэл хүртжээ. Манай шигшээ баг нэг хүрэл, таван шагналт байртайгаар зургадугаарт бичигдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!