Карибын тэнгисийн Доминиканы Бүгд Найрамдах Улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Европ тивд тээвэрлэн хүргэх гэж байсан 9,500 кг кокаиныг гадил жимсний ачаанаас илрүүлжээ.
Энэ нь тус улсын түүхэнд илрүүлсэн хамгийн их хэмжээтэй кокаин юм байна.
Нийслэл Санто Доминго хотын боомтод саатуулагдсан гадил жимстэй чингэлгүүдээс 320 ширхэг уут кокаин илэрсэн нь хар захад $250 саяын үнэ хүрэх бараа юм.
Илрүүлсэн кокаинтай холбогдуулан 10 хүнийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Урьдчилсан мөрдлөгөөр гадил жимсний ачаа Гватемал улсаас гаралтайг тогтоосноо Доминиканы Хар Тамхитай тэмцэх газар мэдээлсэн байна.
2006 онд Санто Доминго хотын ижил боомтоос 2,580 кг кокаин хураасан нь өмнөх хамгийн том илрүүлэлтэд тооцогдож байжээ.
Сүүлийн жилүүдэд Карибын тэнгисийн орнууд нь Колумб улсаас Европын зах зээлд хар тамхи гаргадаг гол зам болсон байна.
2020 оны байдлаар Европ тивд дэлхийн нийт кокаин хэрэглээний 21 хувь ногдож буйг НҮБ-ын судалгаа харуулжээ.
Өнгөрсөн онд нийтлэгдсэн судалгааны тайланд Их Британи, Бельги, Франц, Испани зэрэг баруун Европын орнуудад кокаины хэрэглээ нэмэгдсэн тухай тоо баримт нийтлэгдэж байв.
Тухайлбал Англи, Уэльст хар тамхины тун хэтрүүлснээс үүдэлтэй үхлийн тоо сүүлийн 30 жилийн дээд хэмжээнд хүрснээс зөвхөн кокаинтай холбоотой үхэл жилийн дотор 30 хувиар өссөн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!