Уншиж байна ...

Сирийн цэргүүд орхин явсны дараа Израилийн арми Голаны өндөрлөгийн завсрын бүсийг эзлэн авав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Израилийн цэргүүд Голаны өндөрлөг дэх завсрын бүсийг түр хугацаанд эзлэн авсныг тус улсын ерөнхий сайд мэдэгджээ.

Сирийн засгийн эрхийг босогчид булаан авч, 1974 онд Дамаскийн эрх баригчидтай байгуулсан гэрээ хүчингүй болсон тул ийм арга хэмжээ авснаа Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тайлбарласан байна.

“Манай хил дээр дайсагнагч хүч байрлахыг бид хүсэхгүй” гэж тэр мэдэгджээ.

Бямба гарагт Голаны өндөрлөгийн буффер бүс дэх байрлалаа Сирийн засгийн газрын цэргүүд орхин явсныг эх сурвалжууд мэдээлж байв.

Ням гарагт завсрын бүсэд оршдог Сирийн таван тосгоны оршин суугчдад дараагийн мэдэгдэл хүртэл гэрээсээ гарахгүй байхыг Израилийн зэвсэгт хүчин анхааруулсан байна.

Голаны өндөрлөг бол Сирийн нийслэл Дамаск хотоос баруун өмнө зүгт 60 км зайд оршдог хадархаг тэгш газар юм.

1967 оны зургаан өдрийн дайны төгсгөлд Израилийн арми Голаны өндөрлөгийг Сири улсаас булаан авч, 1981 онд өөртөө нэгтгэж байжээ.

Дэлхийн ихэнх улс Израилийн энэ үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй.

Өчигдөр Нетаньяху мэдэгдэлдээ Ассадын дэглэм нуран унасан өдрийг “Ойрх Дорнодын түүхэнд тэмдэглэгдэх өдөр” гэж онцолжээ.

Башар аль Ассад болон түүний эцэг 1971 оноос хойш Сири улсыг хатуу гараар захирч байсан юм.

“Ассадын дэглэм нуран унасан нь асар том боломж олгож байгаа ч бас томоохон аюул занал дагуулж байна” гэж Нетаньяху мэдэгджээ.

Ираны холбоотон Ливаны Хезболла байгууллагын хүч нөлөөг Израилийн арми сулруулсны үр дүнд ийм өөрчлөлт гарсныг тэр тайлбарласан байна.

Нетаньяху бас Израильтай энх тайвнаар зэрэгцэн оршихыг хүсдэг Сиричүүдэд тусламжийн гараа сунгахад бэлэн байгааг илэрхийлжээ.

Тэрбээр Голаны өндөрлөг дэх завсрын бүсийн Сирийн байрлалыг эзлэн авснаа “нөхцөл байдлыг тогтворжтол аюулгүй байдлыг хангах түр арга хэмжээ” гэж тайлбарласан юм.

“Бид Сирид шинээр гарч ирж буй хүчнүүдтэй сайн хөршийн харилцаа тогтоож, энх тайвнаар зэрэгцэн оршихыг хүсэж байна. Гэхдээ ингээгүй тохиолдолд бид Израиль улс болон Израилийн хилийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэж Нетаньяху хэлжээ.

 

Эх сурвалж: BBC