Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн цагдаагийн газар томоохон хар тамхины наймааг илрүүлэхийн тулд Старлинкээс тусламж гуйжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хар тамхины наймаачид хиймэл дагуулын интернэт ашиглаж байсныг илрүүлсний дараа Энэтхэгийн цагдаагийн байгууллага Старлинк компанид ханджээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын эргийн хамгаалалтын албаныхан Андаман, Никобар арлуудын орчмоос Мьянмар улсаас гаралтай завийг саатуулсан байна.

Мьянмарын зургаан иргэнийг тээвэрлэж явсан уг завин дээрээс 6,000 кг орчим метамфетамин төрлийн мансууруулах бодис хураасан нь Энэтхэгийн эргийн хамгаалалтын албаны түүхэнд гарч байгаагүй том илрүүлэлт болжээ.

Уг ачааны зах зээлийн үнэлгээ нь $4.25 тэрбум юм байна.

Цагдаа нар үүнээс гадна завин дээрээс Старлинкийн хамгийн сүүлийн үеийн антен, төхөөрөмж илрүүлжээ.

Старлинк компани 2021 онд хиймэл дагуулын интернэт холболтын үйлчилгээгээ Энэтхэгийн зах зээлд нээх төлөвлөгөөтэй байсан ч хойшлогдоод байгаа.

Тус улсын тэргүүн баян Мукеш Амбанигийн Reliance Jio компани дотоодын зах зээлээ алдахгүйн тулд Старлинктэй өрсөлдөж байгаа нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдэг.

Тиймээс Старлинк үйлчилгээ одоогоор Энэтхэг улсын нутаг дэвсгэр, эрэг орчмын усанд албан ёсоор нэвтрээгүй байгаа юм.

Мансууруулах бодис тээвэрлэгчид Мьянмарын эргээс хөдөлсөн цагаасаа эхлэн Старлинкийг ашиглаж байсныг тогтоосноо Андаман арлын цагдаагийн газрын дарга мэдээлжээ.

Эрх баригчид хиймэл дагуулын интернэт төхөөрөмжийг хэн худалдаж авсан талаар мэдээлэл болон хэрэглээний түүхийг нь авахаар Старлинк компанид хандаад байгаа юм байна.

 

Эх сурвалж: BBC