Улаанбаатар хотын авто замын арчлалтыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газар хариуцдаг. Уг ажлыг төвийн зургаан дүүрэгт хариуцуулахаар төсөвлөжээ.
Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ дарга Б.Одбаяр "Авто замын арчлалт, урсгал, ээлжит, их засвар болон шинэчлэлийг хөрөнгийн менежмент буюу зам хариуцагчтай болгох шаардлага үүсэж байгаа юм.
Нийслэлийн зургаан дүүрэгт авто замын арчлалт, урсгал, ээлжит засварыг хариуцуулж, нэг дүүргийн зам засварт 2.6 тэрбум төгрөг зарцуулагддагийг 3.5 тэрбум төгрөг болгож, төсөвлөж байна. Энэ нь хамгийн боломжит төсөв. Авто замын засвар, шинэчлэлийг хийхдээ м.кв-аар тооцоолдог. Ингэснээр Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зам нөхөхгүй, зөвхөн шаардлага тавина.
Авто замыг сэтэлсэн бол дүүргүүд нөхөн сэргээлтийг хийлгэнэ, зөвшөөрөлгүйгээр авто замыг сэтэлсэн бол дүүргүүд хариуцна гэж гэрээний заалтад оруулах юм.
Дүүргүүд авто замын арчлалт, урсгал, ээлжит засварыг хариуцсанаар эзэнтэй болно.
Хотын хаа нэгэн газар зөвшөөрөлгүйгээр авто замыг сэтэлсэн байдаг. Үүний араас хөөж олдог байдлаар явбал ямар нэгэн төлөвлөлт рүү орох боломжгүй болчхоод байгаа юм" гэж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 11 орчим байршлын авто замыг зөвшөөрөлгүй сэтэлсэн зөрчил илэрчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!