Уншиж байна ...

Украины дайныг шүүмжилсэн ахмад эмч өвчтөнийхөө мэдээллээр баривчлагдаад 5.5 жилийн хорих ял сонсов

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 8 цаг 57 минут
iKon.MN
Зураг зураг

Оросын шүүх өчигдөр Украины дайныг шүүмжилсэн хэргээр 68 настай хүүхдийн эмчид таван жил, хагасын хорих ял оноожээ.

Яллагдсан Надежда Буянова эмч Украины дайнд эцэг нь амь үрэгдсэн хүүхдийг үзэхдээ Орос улс уг дайнд буруутайг ээжид нь ярьж байсан гэнэ.

Гэтэл энэ оны нэгдүгээр сард өвчтөн хүүхдийн ээж цагдаад хандаж, эмчийн ярьсан зүйлийн талаар мэдээлэл өгчээ.

Буянова ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны талаар “худал мэдээлэл тараасан” хэргээр ял сонссон байна.

2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсны дараа Москвагийн эрх баригчид дайныг шүүмжлэгчдийн эсрэг хатуу хууль хэрэгжүүлж эхэлсэн юм.

Буянова нь Украины Львов хотын уугуул боловч ОХУ-д насаараа амьдарсан хүн байжээ.

Өмгөөлөгч нь түүнийг өвчтөн болон өвчтөний ээжтэй дайны талаар огт яриагүй, үүнийг батлах баримт байхгүй, зөвхөн Украин гаралтайнх нь төлөө шийтгэлээ гэж шүүмжилсэн байна.

Долоон настай өвчтөн хүүгийн ээж Анастасия Акиншина анх видео бичлэгээр Буяноваг илчилсэн мэдэгдэл онлайн орчинд цацаж байжээ.

Уг бичлэг тэр дороо Кремлийн суртал нэвтрүүлгийн хэрэгслийн дэмжлэгийг авч, Холбооны Мөрдөн Байцаах Хорооны дарга Александр Бастрыкин хэргийг анхааралдаа авснаа мэдэгдэж байв.

Оросын хэсэг эмч нар Буяноваг өмгөөлсөн ил захидал бичсэн ч тус болоогүй юм.

Сүүлийн үед дайныг шүүмжлэгчдийн дуу хоолойг дарах ажил эрчимтэй явагдаж байна.

Өнгөрсөн Баасан гарагт нэгэн эрэгтэй Украиныг дэмждэг Германы буяны санд $53 хандивласан шалтгаанаар эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж, шүүхээс 13 жилийн хорих ял сонссон юм.

ОХУ-д үйл ажиллагаа нь хориглогдсон Мемориал хүний эрхийн байгууллагын мэдээлснээр одоо 800 орчим хүн Украины дайныг шүүмжилсэн шалтгаанаар шоронд хоригдож байгаа гэнэ.

Сүүлийн зургаан жилийн дотор ОХУ-д 116,000 гаруй хүн улс төрийн хэргээр шалгагдсан нь Зөвлөлтийн удирдагч Никита Хрущев болон Леонид Брежневийн үеийн үзүүлэлтээс ч давсныг Проект эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төсөл мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters