АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп төрийн нарийн бичгийн даргаараа сенатор Марко Рубиог томилох гэж байгаа талаар уг асуудалд ойр байдаг эх сурвалжууд мэдээлжээ.
Флорида мужийн сенатор Рубио нэг үе Трампын эвлэршгүй өрсөлдөгч байсан бол сүүлд түүний хамгийн идэвхтэй дэмжигч болж хувирсан юм.
Тэрбээр Трампын кампанит ажлыг латин хүн амд хүргэхэд тусалж, санал хураалтын өмнөх өдөр Пенсильвани мужид болсон арга хэмжээнд нь биеэр оролцож, испани хэлээр экс ерөнхийлөгчийг сонгогчдод танилцуулж байлаа.
Рубиогийн хувьд Хятадын эдийн засгийн хүчирхэгжилтэд таагүй байр сууринаас ханддаг, Израилийн Газын зурвас, Ливанд явуулж буй дайныг дэмждэг, бас NATO-г тууштай дэмжигч юм.
Тэрбээр сенатын тагнуулын байнгын хороо, гадаад бодлогын байнгын хороонд аль алинд нь ажиллаж байжээ.
Рубио бас Украины дайныг дуусгах Трампын төлөвлөгөөг дэмжигч гэгддэг.
Трампын бусад гадаад бодлогын зөвлөхүүдийн нэгэн адил тэр Хятад улсыг АНУ-ын ашиг сонирхлын аюул занал гэж үздэг байна.
Есдүгээр сард нийтлүүлсэн тайландаа Рубио “Коммунист Хятад бол АНУ-ын орчин үеийн түүхэнд тулгарсан хамгийн хүчирхэг дайсан юм” гэж бичиж байжээ.
Куба цагаачийн үр удам Рубио 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд Найрамдах Намын дотоод сунгаанд Дональд Трамптай өрсөлдөж байсан нэгэн.
Тухайн үед мэтгэлцээний дэвжээн дээр Трамп түүнийг “бяцхан Марко” хэмээн доромжилж, хариуд нь Рубио өрсөлдөгчөө “жижигхэн гартай” хэмээн шоолж байв.
Тэр бас Трампыг ерөнхийлөгч болох хүсэлтэй “хамгийн бүдүүлэг хүн” гэж шүүмжилж байжээ.
Харин сүүлд Трампыг ерөнхийлөгч болсны дараа Рубио харилцаагаа сайжруулахын төлөө нэлээд шаргуу ажилласан гэдэг.
2011 оноос хойш сенатад сууж буй Рубио төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд амархан батлагдах төлөвтэй байна.
Хэрвээ ингэвэл Флорида мужийг төлөөлдөг сенаторын суудал суларч, тус мужийн захирагч Рон ДеСантис хэн нэгнийг томилох боломжтой болох юм.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!