Уншиж байна ...
Зураг
Зураг

Гэрлээгүй сүйт бүсгүй $70,000-ын үнэтэй бөгжөө буцаах ёстой гэсэн шийдвэрийг АНУ-ын шүүх гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын Массачусетс мужийн дээд шүүх гэрлээгүй сүйт бүсгүйгээр $70,000-ын үнэтэй бэлгийн бөгжийг эрэгтэйд нь буцааж өгүүлэх шийдвэр гаргажээ.

Дээрх маргааны эзэд болох Брюс Жонсон, Каролин Сеттино нар 2016 оны зун анх танилцаж байсан байна.

Дараа нь тэд Нью-Йорк, Виржиний арлууд, Итали улсаар аялж байжээ. Энэ аяллын бүх зардлыг болон Сеттиногийн худалдаж авсан үнэт эдлэл, хувцас, гутал, цүнхний зардлыг Брюс төлсөн юм байна.

Эцэст нь 2017 оны наймдугаар сард Брюс $70,000-ын үнэ бүхий алмааз эрдэнийн чулуун сүйн бөгжийг Сеттинод бэлэглэж, гэрлэх санал тавьжээ.

Гэвч энэ бүхний дараа Сеттиногийн сэтгэл санаа хувирч, өөрийг нь байнга өөлөх, буруутгах болсныг Жонсон шүүхэд гаргасан гомдолдоо бичсэн байна.

Түүгээр ч зогсохгүй Сеттиногийн гар утсанд танихгүй эрэгтэй хүнээс мессэж ирдэг болсон гэнэ.

Энэ бүхний эцэст Брюс сүйгээ цуцалсан ч сүйн бөгжний асуудал маргаантай хэвээр үлджээ. Гэхдээ Сеттино өөрийгөө буруугүй, харилцсан эрэгтэй нь жирийн найз байсныг баталж байсан гэнэ.

Анхан шатны шүүх Брюсыг “хий хардалтын улмаас сүйгээ цуцалсан” тул бөгж Сеттинод үлдэх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.

Дараа нь уг шийдвэрийг давж заалдаад Брюс бөгжөө буцааж авахаар болжээ.

Ингээд маргааныг эцэслэн шийдвэрлэх шүүх хурал Массачусетс мужийн дээд шүүх дээр есдүгээр сард эхэлсэн байна.

Массачусетс мужийн хувьд 60 гаруй жилийн өмнө сүйн бөгжийг өгсөн хүн нь ямар нэг “алдаа гаргаагүй” бол буцааж авах эрхтэй гэсэн шийдвэр гаргасан нь өнөөдрийг хүртэл жишиг болон үйлчилсээр иржээ.

Өөрөөр хэлбэл Брюс сүйт бүсгүйгээ хардсаны улмаас гэрлэлт цуцлагдсан тул сүйн бөгжөө буцааж авах эрхгүй гэж үзсэн юм.

Тэгвэл уг жишгийг эвдсэн шийдвэрийг энэ удаа гаргасан байна.

“Одоо бид орчин үеийн чиг хандлагад тааруулж, хэн нь гэм буруутайгаас хамаарч шийддэг ойлголтоос салах цаг болсон. Төлөвлөсөн хурим болоогүй, сүй нь цуцлагдсан тохиолдолд буруутай эсэхээсээ үл хамааран өгсөн хүн нь буцааж авах ёстой” гэж Массачусетсийн дээд шүүх дүгнэжээ.

Брюс Жонсоны өмгөөлөгч Стефани Таверна Сиден “Бид шүүхийн шийдвэрийг талархан хүлээж авч байна. Энэ бол үндэслэлтэй, шударга шийдвэр бөгөөд Массачусетсын хуулийг зөв чиглэлд өөрчилсөн үйл явдал боллоо” гэж мэдэгджээ.

Сеттиногийн өмгөөлөгч үйлчлүүлэгч нь сэтгэл дундуур байгаа боловч шүүхийн шийдвэрийг хүндэтгэхээ мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press