Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC Challenge" тэмцээний "E" хэсгийг Монголд зохион байгуулж буй билээ.
Өнгөрсөн улирлын Дээд лигийн аварга "Сэлэнгэ Прэсс Фалконс" баг нээлтийн тоглолтоо Индонезийн "Мадура Юнайтед" багтай хийж, 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан юм.
Тэгвэл хэсгийн хоёр дахь тоглолтыг Камбожийн лигийн аварга "Свай Риенг" багтай маргааш буюу энэ сарын 30-нд Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 15:00 цагаас хийнэ.
Уг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Мөн энэ үеэр "Мадура Юнайтед" багийнхан өнгөрсөн тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм. Тус багийн дасгалжуулагч, португал мэргэжилтэн Пауло Менезес "Өнгөрсөн тоглолтод бид маш сайн тоглосон. Энэ тоглолтоос гурван оноо авахыг зорьсон ч биелүүлж чадаагүй. Тиймээс дараагийн тоглолтод хожлын төлөө хичээх болно. Эхний тоглолтын үеэр энд суралцдаг хоёр Индонез үзэгч ирж биднийг дэмжсэн нь их урам өглөө. Энд цаг агаар, орчин нөхцөл нь өөр тул эхний тоглолт их хүнд болсон. Цаг агаарын нөхцөлдөө дассан тул Камбожийн багийн эсрэг хийх хэсгийн сүүлийн тоглолтод бид илүү эрч хүчтэй тоглоно" гэж ярилаа.
Үүний дараа дараа Камбожийн "Свай Риенг" багийнхан маргааш болох тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцлаа. 1997 онд байгуулагдсан тус клубийг испани мэргэжилтэн Пэп Мунос чиглүүлдэг. Тус багийн бүрэлдэхүүнд Камбожийн шигшээ багт зүтгэдэг дөрвөн тоглогч бүртгэлтэй аж.
Монголын багтай хийх тоглолтынхоо талаар П.Мунос "Энэ тэмцээнд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Нэг хэсэгт орсон багууд маань маш сайн бэлтгэлтэй байгааг харсан. Маргаашийн тоглолтыг талбайн эзэдтэй хийх тул илүү хичээж өрсөлдөнө. Хоёр багийн дасгалжуулагчдын арга барилыг гадарлах тул илүү довтлох чиглэлийн тактик барьж тоглоно.
Бидэнд тулгарч буй хамгийн эхний бэрхшээл нь цаг агаарын нөхцөл. Өчигдөр манай багийнхан сэргэлтийн бэлтгэл хийсэн. Тоглогч нар маань цаг агаарт хурдан дасан зохицож, маш үр дүнтэй бэлтгэл боллоо гэж бодож байна" гэж ярилаа.
Тивийн хэмжээнд дөрвөн гол тэмцээнийг шинэ бүтэцтэйгээр зохион байгуулахаар болсон юм. Үүний үр дүнд
Азийн хөлбөмбөгийг илүү өрсөлдөөнтэй болгох зорилготой тус тэмцээнд Монгол Улс анх удаа AFC Challenge League тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болсон юм. Тус тэмцээнд Азийн хөлбөмбөгийн лигт түрүүлсэн эсвэл тодорхой байр эзэлсэн багууд оролцох эрх авдаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!