Уншиж байна ...

Google хиймэл оюуны дата төвөө цөмийн эрчим хүчээр хангах гэрээ байгуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Технологийн аварга компани Google хиймэл оюуны дата төвүүдийнхээ эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор бага оврын цөмийн реактор ашиглах гэрээг байгуулжээ.

Гэрээ ёсоор Kairos Power компани 2030 оноос өмнө анхны цөмийн реактораа Google компанид ашиглуулах бөгөөд 2035 он хүртэл дахин хэдэн реактор нэмэхээр болсон байна.

Ямар үнийн дүнтэй гэрээ байгуулсан болон реакторууд хаана байрлах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хоёр компани өгөөгүй байна.

Хиймэл оюуны технологи нь асар их эрчим хүч ашигладаг бөгөөд сүүлийн үед технологийн компаниуд энэ асуудлаа шийдэхийн тулд цөмийн эрчим хүчний эх үүсгүүрийг сонирхдог болоод байгаа.

“Хиймэл оюуны технологийг дэмжих цахилгааны шинэ эх үүсгүүр хэрэгтэй. Энэхүү гэрээ нь эрчим хүчний хэрэгцээг цэвэр, найдвартай хангах технологийн хөгжлийг хурдасгаж, хүмүүст хиймэл оюуны боломжийг бүрэн нээхэд туслах юм” гэж Google компанийн эрчим хүч, уур амьсгалын асуудал хариуцсан дэд захирал Майкл Террел мэдэгджээ.

Google-тэй байгуулсан гэрээ нь “эрчим хүчний сүлжээг нүүрстөрөгчөөс салгах чухал шийдлийн техникийн болон зах зээлийн үр ашгийг харуулах замаар цөмийн эрчим хүчний дэвшилтэт технологийг амьдралд нэвтрүүлэх ажлыг хурдасгах ач холбогдолтой юм” гэж Kairos компанийн гүйцэтгэх захирал Жефф Олсон мэдэгдсэн байна.

Гэхдээ дээрх гэрээ хэрэгжиж эхлэхийн тулд АНУ-ын Цөмийн Зохицуулах Хороо болон орон нутгийн холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой юм.

Өнгөрсөн онд АНУ-ын эрх баригчид Калифорни мужийн Kairos Power компанид шинэ төрлийн цөмийн реактор байгуулах зөвшөөрөл өгчээ. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд өгсөн анхны ийм зөвшөөрөл байлаа.

Энэ оны долдугаар сард тус компани Теннеси мужид туршилтын реакторынхаа угсралтыг эхлүүлсэн юм.

Kairos Power компанийн технологийн онцлог нь реакторыг хөргөхдөө ус биш, хайлуулсан фторын давс ашигладаг.

Бараг нүүрстөрөгч ялгаруулдаггүй, 24 цагийн турш эрчим хүч үйлдвэрлэдэг цөмийн эх үүсгүүр сүүлийн үед технологийн салбарынхны анхаарлыг их татах болсон юм.

Дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ энэ арваны (2030 он) эцэст хоёр дахин өсөх тооцоог Голдмэн Сакс банк гаргасан байдаг.

Ялангуяа хиймэл оюуны технологийг ажиллуулахад асар өндөр хүчтэй тоног төхөөрөмж ашигладаг тул тэр хэрээрээ эрчим хүч их шаарддаг, бас тэдгээрийг хөргөхөд их хэмжээний эрчим хүч шаарддаг юм.

Өнгөрсөн сард Майкрософт компани 1979 онд осолдож байсан Three Mile Island цөмийн цахилгаан станцыг дахин ажиллуулж, эрчим хүчийг нь хэрэглэх гэрээ байгуулж байв.

Энэ оны гуравдугаар сард Амазон компани Пенсильвани мужийн нутагт цөмийн эрчим хүчээр ажилладаг дата төв худалдаж авах болсноо зарласан юм.

 

Эх сурвалж: BBC