Уншиж байна ...

2025 онд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлыг бүрэн дуусгана гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн /2024.10.15/ хуралдаанаар хэлэлцсэн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, ямар учраас ажлын хэсэг байгуулж байгаа тухай болон ажлын хэсэг ямар үр дүнд хүрэх талаар, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, шинээр баригдсан орон нутгийн сургуулиудын ариун цэврийн байгууламжийн зарим нь хөлдсөн, эвдэрч ажиллахгүй болсон тохиолдол байна, цэвдэгтэй хөрстэй газар байгууламжийг барих асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, өнгөрсөн хугацаанд баригдсан ариун цэврийн байгууламжийн тоо, өнөөдрийн байдлаар хэд нь ажиллаж байгаа талаар тодруулж, нэг байгууламжийн төсөвт  өртгийн талаар лавласан. 

Ажлын хэсгийн гишүүн, Боловсролын яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих зорилт дэвшүүлсэн. Энэхүү төслийг 4 үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, эхний хоёр ээлжид 373 нүхэн жорлонг шинэчлэх, дараагийн хоёр ээлжид бүх цэцэрлэг, сургуульд орчин үеийн ариун цэврийн байгууламж барихаар тусгасан. Өнөөдрийн байдлаар 142 сумын 424 ариун цэврийн байгууламж ашиглалтад орсон. Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон 72 ариун цэврийн байгууламж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээний 800 гаруй цэцэрлэг, сургууль, дотуур байрны 500 гаруй нь стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болсон.

Өнөөдрийн байдлаар 241 байгууламж баригдаж байгаа, мөн 21 ариун цэврийн байгууламж барихаар тендер зарлаад байна. Ирэх арваннэгдүгээр сард ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрч, 2025 оны зургаадугаар сард ариун цэврийн бүх байгууламжийг бүрэн барьж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй явна. Харин бүс нутгийн онцлогоос шалтгаалан ариун цэврийн байгууламж барих өртөг янз бүр. Дунджаар 180-200 орчим сая төгрөгт нэг ариун цэврийн байгууламж баригдаж байна. Тус байгууламжийг засах, мэргэжлийн хүнийг бэлтгэх зэрэг ашиглалтын зардлын асуудал тулгарч байгаа учраас арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих нь төрийн бодлогоор хэрэгжиж буй ажил учраас УИХ-аас хэрэгжилтийг шаардах, хянах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үүрэгтэй ажлын хэсэг ажиллаж байсан. Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор тухайн үед байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болсон. Тиймээс ажлын хэсгийг дахин байгуулахаар хэлэлцэж байна гэв. Тус яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, 2024 оны дөрөвдүгээр сард эхний ээлжид ашиглалтад орсон 296 ариун цэврийн байгууламжийн ашиглалтын нөхцөл байдлыг судалсан. 35 ариун цэврийн байгууламж хөлдсөн учир засвар, үйлчилгээ хийсэн. Ашиглалтын нөхцөл байдлыг сайжруулахын тулд орон нутаг бүрд нэг хүнийг сургаж, ажиллуулж байна. Цэвдэгтэй хөрстэй газарт зөөврийн усны машин авч өгөхөөр судалгаа хийгдэж байна гэв.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Д.Рэгдэл, О.Саранчимэг нарын гишүүд саналаа хэлсний дараа Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Рэгдэл, М.Сарнай, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат нар ажиллахаар болов.