Зураг
Зураг
Индэр    
УИХ-ын гишүүдийн олонх нь бизнес эрхлэгч, тэрбумтан, зүүн төвийн үзэлтэй, анх удаа сонгогдож буй хүмүүс байна
Зураг
2024 оны 10 сарын 16
Зураг
iKon.mn Сэтгүүлч

УИХ-ын гишүүдийн олонх нь бизнес эрхлэгч, тэрбумтан, зүүн төвийн үзэлтэй, анх удаа сонгогдож буй хүмүүс байна

УИХ-ын  гишүүнээр ямар хүн ажиллах гэж буйг нийт 126 гишүүний ерөнхий мэдээллээр дундажлан хүргэж байна. 

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн 2022 онд хийсэн Сонгогчийн зан, төлөвийн судалгааг нийгмийн шилжилтийн үе буюу 2000 онд хийсэн "Шилжилтийн үеийн Монгол дахь сонгогчийн зан үйл" судалгаатай харьцуулахад 24 жилийн өмнө монгол сонгогчид сэхээтэн гаралтай, чинээлэг эрэгтэй хүнийг түлхүү сонгох сонирхолтой байжээ. 

Харин одоо дундаж хөрөнгөтэй, аль ч хүйс хамаарахгүй, ажилчин болон сэхээтэн эсэхийг үл харгалзан сонгох сонирхолтой болж өөрчлөгдсөн байна. 

СОНГОХЫГ ХҮСЭЖ БУЙ ХҮН:  

2000-аад оны сонгогчийн хүсэмжит сонголт:

зураг
 

2022 оны сонгогчийн хүсэмжит сонголт: 

зураг
 
2024 оны сонгуулиар БИД ХЭНИЙГ СОНГОВ?

УИХ-ын гишүүнийг нэг хүнээр төлөөлүүлбэл: УИХ-ын гишүүнээр бизнес эрхлэгч, тэрбумтан, эдийн засагч, зүүний үзэлтэй, англи хэлтэй, анх удаа сонгогдсон, бакалаврын зэрэгтэй, гадаадад сурсан идэр, ахимаг насны эрэгтэй хүн ажиллаж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

(Эх сурвалж: parliament.mn, uih.mn, 2022 ХОМ)

ЭНЭ ЖИЛ СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ДУНДЖИЙГ НАРИЙВЧЛАН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭЭС ХҮРГЭВЭЛ:

ЭДИЙН ЗАСАГЧ МЭРГЭЖИЛТЭЙ

УИХ-ын гишүүдийн 30 нь эдийн засагч мэргэжилтэй байна.

Шинэ 126 гишүүн дунд 17 инженер байгаа бол хоёр физикч, нэг дуучин, жүжигчин, зураач, математикч зэрэг байна. 

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/36ix 

зураг
 

ТЭРБУМТАН

2024-2028 оны парламентын 126 гишүүний 102 нь тэрбумтан байна. Өмнөх парламентад ч мөн адил УИХ-ын гишүүдийн дийлэнх нь тэрбумтан байсан юм. 

Шинэ парламентын хамгийн баян гишүүн нь УИХ-д анх удаа сонгогдож буй Ч.Номин юм. Түүний нийт хөрөнгө 59 тэрбум төгрөг. 

Харин өмнөх парламентын хамгийн баян гишүүн 18 тэрбумын хөрөнгөтэй байсан бол энэ удаагийн парламентад үүнийг давсан хөрөнгөтэй зургаан УИХ-ын гишүүн байна. 

Сонирхуулахад өмнөх парламентын гишүүдийн дийлэнх нь мал аж ахуйтай байсан бол энэ удаагийн парламентын гишүүдийн талаас илүү нь малгүй гэж мэдүүлжээ. 

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/36jr 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНХ УДАА СОНГОГДОЖ БАЙГАА

Өмнөх парламентын дийлэнх нь хоёр болон түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүд байв. Харин шинэ парламентын дийлэнх нь буюу 81 нь анх удаа сонгогдож байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн нар хамгийн олон удаа буюу таван удаа сонгогдож 20 дахь жилдээ /2028 оны хүртэлх хугацаагаар тооцвол/ УИХ-ын гишүүнээр ажиллах гэж байна. Мөн Х.Баттулга, Л.Гантөмөр, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан нар дөрөв дэх удаагаа сонгогдож нийтдээ 16 дахь жилдээ /2028 оны хүртэлх хугацаагаар тооцвол/ төр барих гэж байна.

Өмнөх парламентад  2000 оноос хойш зургаан удаа сонгогдож 24 жил төр барьсан нэг гишүүн байсан юм. 

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/37hj 

ИДЭР БОЛОН АХИМАГ НАСНЫ ЭРЭГТЭЙ 

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байгаа ч энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй байгаагаараа онцлог билээ. Насны хувьд ихэнх нь идэр болон ахимаг насныхан байна. Хамгийн залуу гишүүн 27 настай бол хамгийн ахмад нь 73 настай юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЗҮҮН ТӨВИЙН БУЮУ СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮЗЭЛТЭЙ 

Өдөрт дөрвөн сая хүн зочилдог гэх парламентын үндсэн веб хуудсанд УИХ-ын гишүүн тус бүрийн улс төрийн үзэл баримтлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байв. 

Иймд УИХ-д хамгийн их суудалтай МАН-ын үзэл баримтлалаар дүгнэхэд гишүүдийн дийлэнх нь зүүн төвийн буюу социал демократ үзэлтэй байна. 

Харин Хүн Нам, Ардчилсан Нам болон Үндэсний Эвсэл баруун төвийн үзэлтэй юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ, ГАДААДАД СУРСАН

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь бакалаврын зэрэгтэй байгаа бол магистрын зэрэгтэй 44, докторын зэрэгтэй 27 гишүүн байна.  

Түүнчлэн УИХ-д докторын зэрэгтэй хот төлөвлөлтийн инженер нэг, цөмийн физикч нэг байна. Мөн эрчим хүчний доктор нэг, антропологийн ухааны доктор нэг байгаа бол магистрын зэрэгтэй нэг урлаг судлаач байгаа юм.  

Ихэнх УИХ-ын гишүүд хууль, санхүү, эдийн засаг, бизнес, улс төр, төрийн захиргаа, бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. 

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гадаадад сурчээ. Гадаадад сурсан УИХ-ын гишүүд ихэвчлэн АНУ /26/, Япон /16/, ОХУ/11/-д суралцжээ. Нийт гадаадад суралцсан 68 гишүүний дийлэнх нь мэргэжил дээшлүүлэхээр суралцсан байна. 

АНГЛИ ХЭЛТЭЙ

УИХ-ын дийлэнх нь буюу 97 нь Англи хэлтэй байна. Орос хэлтэй нийт 62 гишүүн байгаа бол Япон хэлтэй 12 гишүүн байна. Хамгийн олон хэлтэй хоёр гишүүний нэг нь Англи, Орос, Хятад, Япон хэлтэй бол нөгөө нь Англи, Орос, Кхмер, Тай хэлтэй аж. 

БИЗНЕС ЭРХЛЭГЧ 

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хувьдаа бизнестэй байна. Хамгийн олон бизнесийн компанитай УИХ-ын гишүүн 42 компанитай бөгөөд бүх компанидаа 100 хувийн эзэмшилтэй байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөх улс төрчдийн дунд нүүрсний хулгайч, ЖДҮ-чин гээд олон дүр төрх байсан. УИХ-ын гишүүдийг 126 болгох шийдвэр гарснаас хойш хүмүүс УИХ дахь уг дүр төрхүүдийг үржүүлэхээс эмээж, хэлбэр төдий бус агуулгын сонголт хийхийг уриалж байв. Таны хүсэмжит сонголт энэ удаагийн сонгуулийн үр дүнтэй хэр таарсан бэ?