Дэлхийн газрын тосны зах зээлд Саудын Араб, ОХУ-ын үүсгэсэн холбоотны харилцаа өндөрлөж магадгүй болсныг шинжээчид бичиж байна.
Ингэвэл Украины дайныг санхүүжүүлэх Оросын эрх баригчдын чадварт ноцтой сөрөг нөлөө үзүүлэх юм.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман энэ сарын 22-23-ны өдрүүдэд Казань хотод зохион байгуулагдах BRICS-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзжээ.
Оросын түүхэн дэх “хамгийн чухал гадаад бодлогын арга хэмжээнд” Саудын Арабын удирдагчийг оролцуулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров есдүгээр сард мэдэгдэж байлаа.
Харин өнгөрсөн долоо хоногт дипломатч Юрий Ушаков урилгыг хунтайж хүлээж авахаас татгалзаж, оронд нь Саудын Арабын гадаад хэргийн сайд ирэхээр болсныг мэдээлжээ.
Хунтайж яагаад татгалзсан талаар Ушаков тайлбарлаагүй ч Өрнөдийн орнууд Казанийн чуулганд оролцох улс орнуудад дарамт шахалт үзүүлж буйг шүүмжлэн ярьсан байна.
Украины дайн эхэлсэн цагаас хойш Саудын Араб нь газрын тосны зах зээлд Оросын холбоотон байсаар ирсэн юм. Мөн Өрнөдийн хориг арга хэмжээнд нэгдэхээс ч татгалзаж байв.
2022 оны намар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсад айлчлахдаа хоригт орсон Оросын газрын тосны нийлүүлэлтийг нөхөхийн тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг ятгасан ч амжилт олоогүй юм.
Энэ үед Саудын хунтайж Путинд өгсөн амлалтдаа үнэнч байж, газрын тосны үйлдвэрлэлээ өдөрт хоёр сая баррелиас хэтрүүлэхгүй хязгаарлаж байжээ.
Өөрөөр хэлбэл хоёр улс газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг баррель тутамд $100-д хүргэх зорилготой байлаа.
Ингэх нь Орос улс Украины дайныг санхүүжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан юм.
Гэвч хоёр жилийн дараа Саудын Арабын эрх баригчдын бодлого өөрчлөгдөж эхэлжээ.
Бодлого өөрчлөгдөх болсон шалтгаан нь үнэ ханшийг ингэж удаан өндөр байлгасны улмаас Саудын Арабын дэлхийн зах зээлд эзлэх хувь хэмжээ буурч эхэлсэнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Есдүгээр сарын сүүлээр Саудын Арабын эрчим хүчний сайд Абдулазиз Бин Салман зарим ОПЕК-ийн гишүүн орнууд, тухайлбал Казахстан, Ирак улсууд хүлээсэн квотоо биелүүлэхгүй байгаа тул үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, баррель газрын тосны үнийг $50 хүртэл унагах боломжтойгоо анхааруулж байжээ.
Энэ нь Оросын хувьд хамгийн муу хувилбар болохыг Лондоны Эдийн Засгийн Сургуулийн судлаач Люк Күүпер хэлж байна.
Оросын засгийн газар энэ оны төсөвтөө газрын тосны баррелийн үнийг $70-аар, ирэх оны төсөвтөө $69.7-оор төлөвлөснийг тэр мэдээлжээ.
Тиймээс зах зээлийн ханш $50-д хүрвэл Москва дайнаа санхүүжүүлэхэд тун хүнд болох гэнэ.
Оросын газрын тосны нөөц Сибирийн мөнх цэвдгийн гүнд байдаг бол Саудын Арабын нөөц Арабын цөлийн хөрсөн дор ойрхон байрладаг тул үйлдвэрлэх зардал бага. Тиймээс хямд үнэ ханшийг тэсвэрлэх чадвараараа Саудын Араб хамаагүй илүү гэж Күүпер тайлбарлаж байна.
Бас Саудын Араб нь үйлдвэрлэлийн хэмжээгээ хурдан нэмэгдүүлснээр үнэ ханшийн алдагдлаа хялбар нөхөх боломжтой гэнэ.
Ийм давуу талаа хунтайж Бин Салман 2020 онд Путинд мэдрүүлж байжээ.
Тухайн үед Орос улс ОПЕК-тэй байгуулсан гэрээнээсээ гарах санал гаргаж байсан юм.
Гэтэл Саудын Араб үйлдвэрлэлээ өдрийн 12 сая баррель хүртэл нэмэгдүүлж, сүүлийн 30 жилд байгаагүй өндөр хямдрал зарласнаар газрын тосны ханш 1990-ээд оны түвшинд (Брент төрлийн баррель $10 хүрэхгүй) хүртэл буурч байжээ.
Үүнээс хойш хэдхэн сарын дараа Оросын тал санаагаа орхиж, ОПЕК-тэй гэрээгээ шинэ нөхцөлөөр байгуулж байв.
“Саудын газрын тосноос ялгаатай нь Оросын газрын тос үйлдвэрлэх зардал өндөртэй. Тиймээс Оросын тал хямд үнэ ханштай орчин нөхцөлд дасан зохицоход хэцүү. Газрын тосны үнэ буурахаас өмнө тулааны талбарт ялалт байгуулах Оросын дайны логикийг үүгээр тайлбарлаж болно” гэж Күүпер хэлжээ.
Одоогоор Саудын Араб өдөрт 8.9 сая баррель газрын тос олборлож байгаа нь 2011 оноос хойших хамгийн бага хэмжээ юм.
Тус улс энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн сар бүр өдрийн олборлолтоо 83,000 баррелиар нэмэгдүүлж, 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд өдрийн олборлолтоо нэг сая баррелиар нэмэгдүүлсэн байхаар төлөвлөснийг Financial TImes сонины эх сурвалж мэдээлжээ.
Хэрвээ ОПЕК-ийн гишүүн орнууд хүлээсэн квотын үүргээ биелүүлэхгүй бол Саудын Арабын олборлолт үүнээс ч хурдтай нэмэгдэх боломжтойг эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалж: Financial Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!