Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн Германы нууц албаны ажилтан асан 80 настай хүн 1974 онд үйлдсэн хүн амины хэргийнхээ төлөө шүүхээс ял сонсов

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Яллагдагч Мартин Манфред Науманн

Өчигдөр Германы шүүх хуучин Зүүн Германы нууц цагдаагийн албаны офицер асан 80 настай хүнд 10 жилийн хорих ял оноожээ.

Түүнийг 1974 онд Баруун Герман руу дүрвэхийг завдсан Польшийн иргэний амийг хөнөөсөн хэрэгт буруутгасан байна.

Энэ нь Берлиний хана нурснаас хойш бараг 35 жилийн дараа Зүүн Германы нууц цагдаагийн байгууллага Штазигийн ажилтан үйлдсэн хэрэгтээ шийтгэл хүлээсэн анхны тохиолдол болохыг түүхчид баталжээ.

1974 онд Берлиний Фридрихштрассе гудамжны хилийн нэвтрэх хэсгээр Польшийн 38 настай иргэн Чеслав Кукушка зугтахыг завдах үеэр Мартин Манфред Науманн араас нь ойрын зайнаас буудан хөнөөсөн юм байна.

Тухайн үед уг аллагыг харсан Баруун Германы сургуулийн сурагч охид өчигдрийн шүүх хуралд гэрчээр оролцжээ.

Хүйтэн дайны үед “Staatssicherheit” буюу Штази гэгддэг байсан нууц цагдаагийн байгууллага Зүүн Германы ард иргэдийг тагнаж чагнах үүрэгтэй ажилладаг байв.

1990 онд хоёр Герман нэгдсэний дараа Штазигийн офицер асан олон хүн коммунист дэглэмийн үед үйлдсэн хэргийнхээ төлөө шалгагдсан ч хангалттай нотлох баримт олдоогүйн улмаас шийтгэлгүй өнгөрч байжээ.

Кукушкагийн аллагын хэргийг мөрдөн шалгах ажил бас тухайн үед мухардаж байсан юм.

Харин 2016 онд судлаачид Науманн энэхүү аллагынхаа төлөө шагнуулж байсныг батлах бичиг баримтыг Штазигийн архиваас олсноор хэрэг дахин сөхөгдөж байжээ.

Улмаар Польшийн эрх баригчид 2021 онд Науманныг Европ даяар эрэн сурвалжилж, баривчлах шийдвэрийг гаргасан юм.

1961-ээс 1989 оны хооронд Берлиний ханыг давахыг оролдсон 140 гаруй хүн алагдсан гэж судлаачид үздэг. Өөр бусад замаар зугтахыг завдаад алагдсан хүний тоо үүнээс ч олон юм.

Кукушка алагдах өдрөө Зүүн Берлин дэх Польшийн элчин сайдын яамны байранд ирээд Баруун Герман руу гарах зөвшөөрөл өгөхгүй бол хуурамч бөмбөг дэлбэлэхээр сүрдүүлж байжээ.

Элчин сайдын яамны ажилтнууд түүнийг зөвшөөрлийг гаргаж өгсөн ч Зүүн Германы эрх баригчдад давхар мэдээлж амжсан байна.

Зөвшөөрлөө авсан Кукушкаг хил давахаар явах үед араас нь буудах даалгаврыг Науманн аваад байжээ.

Берлиний хана нурсны дараа Штазигийн офицерууд их хэмжээний бичиг баримт устгаж амжсан гэдэг. Германы эрх баригчид 1990 оноос хойш Штазигийн 251 ажилтны хэргийг шалгажээ.

Эдгээрээс дөнгөж 87 нь ял сонссоны ихэнх нь хөнгөн шийтгэл хүлээсэн байна.

Бусад нь нотлох баримт олдоогүйн улмаас цагаадсан буюу ямар нэг шийтгэл хүлээлгүй өнгөрч байжээ.

 

Эх сурвалж: AFP