Уншиж байна ...

Ираны халдлагын талаар мэдэгдэлтэй нь холбогдуулан НҮБ-ын тэргүүнд Израил улс хилийн хориг тавив

Т.Давааням, ikon.mn
2 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Израилийн эрх баригчид өчигдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өөрийн хилээр нэвтрүүлэхийг хориглож байгаагаа зарлалаа.

Энэ нь Израилийн нутаг дэвсгэрт үйлдсэн Ираны агаарын довтолгоог шууд буруушаагаагүйтэй нь холбоотой авсан арга хэмжээ юм байна.

“Израил улс руу хийсэн Ираны жигшүүрт халдлагыг хоёрдмол утгагүйгээр буруушааж чадахгүй байгаа хүн Израилийн нутаг дэвсгэрт хөл тавих эрхгүй. Тэр бол алан хядагчид, хүчирхийлэгчид, террористуудыг дэмждэг Израилийн эсрэг үзэлтэй ерөнхий нарийн бичгийн дарга юм” гэж тус улсын гадаад хэргийн сайд Израил Кац мэдэгджээ.

Мягмар гарагийн шөнө Иран улсын үйлдсэн агаарын довтолгооны дараа Гутерреш “Ойрх Дорнодод хямрал улам өргөжиж буйд харамсал” илэрхийлээд “Энэ хямрал зогсох ёстой. Бидэнд гал зогсоох зайлшгүй шаардлага байна” гэж мэдэгдсэн юм.

Ингэхдээ тэр аль нэг талыг буруутгаагүй өнгөрчээ.

Израилийн эрх баригчид өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Газын зурваст дайн эхэлснээс хойш НҮБ-ын бодлого, үйл ажиллагааг хурцаар шүүмжлэх болсон юм.

Гутеррешийн хувьд Газын зурвас болон Ливанд дайны галаа зогсоохыг Израилийн талд байнга уриалж байгаа.

 

Эх сурвалж: AFP