Уншиж байна ...

Кимберли Харрингтон: Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх нь чухал

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 17 цаг 11 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монгол Улс, АНУ хоорондын эрчим хүчний яриа хэлэлцээ" форумыг Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд зохион байгуулсан билээ. 

Үүнд оролцохоор АНУ-ын Төрийн департаментын Эрчим хүчний нөөцийн товчооны (ENR) Эрчим хүчний дипломат харилцааны асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтон тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирсэн юм.

"Олон удаагийн уулзалт, харилцан айлчлалын үр дүнд хэлэлцээрийг хийж байна"

Эрчим хүчний дипломат харилцааны асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтон сэтгүүлчидтэй өнөөдөр уулзах үеэрээ "Монголд өнгөрсөн Ням гарагийн өглөө ирлээ. Энд ирсэн гол зорилго нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Монгол Улс, АНУ хоорондын эрчим хүчний яриа хэлэлцээ" форумд оролцох байв. 

Одоогоос долоон жилийн өмнө Засгийн газар хоорондын анхны хэлэлцээ болж байлаа.

Энэ удаагийн хэлэлцээнд Монгол талаас Гадаад Харилцааны Яам, Эрчим Хүчний Яам, Засгийн газрын төлөөллүүд байсан бол бол АНУ-ын талаас Төрийн департамент, Эрчим Хүчний Нөөцийн Товчоо болон Олон Улсын Хөгжлийн Товчоо болон АНУ-ын Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцлоо.

Бид цахилгаан эрчим хүч дамжуулах, шинэчлэх, эрчим хүчний шинэчлэлтийг дэмжих шинэ бодлогын талаар болон эрдэс баялгийн чухал салбарын хөгжлийг ахиулах, эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх зэрэг олон чухал сэдвээр хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Эдийн засаг, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн дэд сайд Хосе Фернандес өнгөрсөн оны зургаадугаар сард Монголд ирэхдээ харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. 

Энэ үеэр Солонгосын талын түнш болон тухайн үед Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ж.Ганбаатартай гурван талт хэлэлцээ хийсэн юм. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Вашингтонд айлчлах үеэр уулзаж, хоёр орны хооронд Эрчим хүчний хэлэлцээ зохион байгуулахаар тохиролцсон.

Энэ хүрээнд өнгөрсөн Даваа гарагт Оюутолгойн уурхайд зочлох боломж тохиож, үйл ажиллагаатай нь танилцлаа. Түүнчлэн төрийн албан хаагчдад тулгарч буй зарим бэрхшээл, Монголд бизнес хийхэд тулгарч буй зарим асуудлын талаар ярилцсан. 

Би өмнө нь олон уурхайд очиж байсан ч хэзээ ч Оюутолгой шиг хэмжээтэй томоохон уурхайд очиж байгаагүй. Оюутолгойд нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол маш том хөрөнгө оруулалт юм.

2030 он гэхэд Оюутолгой дэлхийд дөрөвт орох зэсийн уурхай болох төлөвтэй байна.

Мөн Төрийн департаментаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл нь ашигт малтмалын чухал нөөц газрын зураглалыг гаргаж, арилжааны хувьд аль нь ашигтай вэ гэдгийг хамгийн сайн тодорхойлж, дараа нь тэдгээрийн нөөцийг тогтооход анхаарна" гэв.

"Монгол бол сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй улс"

зураг
 

Үргэлжлүүлэн "Түрүүн хэлсэнчлэн 2017 онд хийсэн анхны яриа хэлэлцээний үр дүнд эрчим хүчний салбарт хамтран ажиллах үндэс болсон. Энэ удаагийн хэлэлцээ гурван цаг болохоор төлөвлөсөн ч хэлэлцэх асуудал их байсан тул цаг сунгаж, таван цаг үргэлжиллээ.

Монгол Улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг 30 хувьд хүргэх зорилго тавьсан. Энэ тал дээр Монгол Улс их нөөцтэй орон. Жилийн 260 гаруй хоногт нар, салхины эрчим хүчийг хураах боломж бий. 

Юун түрүүнд Монголын Засгийн газар том зорилго тавьсан нь хамгийн чухал алхам юм. Гэхдээ эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахад хувийн хэвшлийн оролцоо их чухал.

Тиймээс Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаанаас энэ асуудлаар чухал хууль тогтоомж, инфляцыг бууруулах, ногоон эдийн засаг, эрчим хүчний инновацын системд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийг баталсан. 

Уг хуулийг баталснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрөхөд АНУ-д олон мянган ажлын байр бий болгож, эрчим хүчний шинэ технологид хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Энэ нь ч үр өгөөжөө өгснөөр бид эрчим хүчний системдээ өөрчлөлт гарч байгааг харж байна.

Энд байх хугацаандаа хөрөнгө оруулагч нартай уулзаж, саналаа солилцсон. Дэлхийн аль ч улсад үйл ажиллагаа явуулж буйгаас үл шалтгаалан компаниуд тодорхой эрсдэлтэй тулгардаг. Тогтвортой хөгжилд хүрэхэд тууштай бодлого хэрэгтэй

Тиймээс хөрөнгө оруулахад таатай нөхцөлийг Засгийн газар бүрдүүлэх хэрэгтэй. Одоо Монголд хийж буй хэлэлцээрийг хэдэн сарын өмнө Азербайжан, Казахстанд мөн айлчлах үедээ хийсэн юм.

Улс орнууд нүүрстөрөгчийн хэрэглээгээ багасгахаар хичээж байна. Монгол Улс ч ялгаагүй метан хийг ашиглах олон улсын гэрээнд гарын үсэг зурсан. Нүүрстөрөгчөөс салах арга зам нь сэргээгдэх эрчим хүчийг нутагшуулах юм" гэж онцоллоо.