Уншиж байна ...

Сансрын уудмын гүнд аялж яваа Voyager 2 хөлгийн нэг төхөөрөмжийг эрчим хүч хэмнэх зорилгоор унтраажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийгээс 20 тэрбум километрийн алсад аялж яваа домогт Voyager 2 хөлгийн судалгааны нэг багаж төхөөрөмжийг эрчим хүч хэмнэх үүднээс унтрааснаа NASA-гийн мэргэжилтнүүд өчигдөр мэдээлжээ.

Тус хөлгийн PLS (Plasma Science) нэртэй нарны шуургыг ажиглах зориулалттай төхөөрөмжийг унтраах командыг есдүгээр сарын 26-ны өдөр дэлхийгээс Deep Space Network радио антены системээр илгээсэн юм байна.

Команд хөлөгт хүрэхдээ 19 цаг зарцуулж, хариу нь мөн 19 цагийн дараа дэлхийд иржээ.

Хэдийгээр хуучирсан хөлгийн эрчим хүчний систем улам муудаж байгаа ч судалгааны үлдсэн ганц төхөөрөмжөө 2030 он гартал ажиллуулж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Voyager 2 хөлгийг NASA 47 жилийн өмнө нарны аймгийн зах хязгаар руу илгээж байсан юм. Хөлөг нь гурван ширхэг радио изотопын термо цахилгаан генераторын тусламжтай ажилладаг.

Гэхдээ энэ хөдөлгүүрүүдийн түлш болох плутониум бодисын нөөц улам багасаж байгаа юм.

Voyager 2 хөлгөөс гадна 16 хоногийн зайтай дэлхийгээс хөөргөсөн Voyager 1 хөлөг бас нарны аймгийн хил хязгаарыг давж, од хоорондын орон зайд  аялж яваа.

Хөлгүүд холдох тусам дэлхийд дамжуулах мэдээллийн хэмжээ нь багасаж байна.

 

Эх сурвалж: CNN