Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өчигдөр танилцуулахдаа "Уг шийдвэр нь шууд болон дам утгаараа маш олон эерэг нөлөөллийг авчирна. Нүүрсний үнэ унаж, улсын төсөвт тавьсан орлого нь тасалдах эрсдэл үүсэж буй энэ цаг үед тун чухал шийдвэр болно.
Хэлэлцээрийг соёрхон батлуулсны дараа компани хоорондын гэрээ хийгдэж, "China Energy" компанид нэмж 5,000,000 тонн коксжих болон бусад төрлийн нүүрс борлуулах боломж бүрдэнэ.
Мөн хил холболтын төмөр замын асуудлууд зөвхөн Гашуунсухайт-Ганцмод дээр биш Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, бүр цаашлаад гурван улсын хооронд баригдах баруун, зүүн коридор зэрэг маш олон эерэг зүйлийг дагуулах юм.
Урд хөрштэйгөө зогсонги байдалд ороод байсан дараагийн том төслүүдийг хөдөлгөх боломж бүрдэнэ.
Удахгүй УИХ-ын хаврын чуулган нээлт болно. Чуулганаар хэлэлцэх эхний асуудлуудын нэг нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай байгаа" хэмээв.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан, үүний нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина” гэж заасан.
"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!