Уншиж байна ...

Тахилтын нүхэн гарцад 450 метр ус зайлуулах шугам угсарчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 13 цаг 34 минут
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад ус ихээр тогтдог, ус зайлуулах шугам хоолойгүй байсан. Тиймээс 450 метр ус зайлуулах шугам угсарч, борооны усыг насосоор шахаж зайлуулах станц байгуулсан байна. 

Мөн авто зам хэсэгт шүүрт худаг, үзлэгийн худгуудыг стандарт тоо, хэмжээгээр угсарсан аж. Ингэснээр иргэд Тахилтын нүхэн гарцаар борооны улиралд ч гэсэн саадгүй зорчих боломж бүрджээ. Тус ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

зураг
 

Тэрбээр “Тахилтын нүхэн гарцад бороо орох болгонд ус ихээр тогтож, автомашинтай зорчиход нүхэн гарц дүүрч, иргэдийн эд хөрөнгө, цаашлаад иргэний амь настай холбоотой асуудал үүсэж болзошгүй байсан. Тиймээс яаралтай арга хэмжээ авч, ус зайлуулах шугам хоолойн зураг төслийг шинээр боловсруулж, угсралт хийж дууслаа.

Нөхөн сэргээлт мөн хийгдэж, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт 450 метр ус зайлуулах шугам угсарсан. Авто зам хэсэгт 11 шүүрт худаг, 10 үзлэгийн худаг угсарсан. Нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу ус зайлуулах насос станцыг барьж, байршуулсан.

Уг насос станц бүх талаараа 3 метр өргөн, доош 4 метрийн гүнд байршсан. Борооны ус мөн төмөр замаа дагаж орж ирдэг учраас хойд талд нь шороон чиглүүлэгч далан барьсан” гэв.

Нэмэлтээр нүхэн гарцын хоёр талд 10 метрийн өндөртэй ус хүлээн авах хөндлөн шүүрийг угсарсан байна.

зураг
 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС