Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын Танхимд нэрээ мөнхөлсөн домогт тамирчин Дикембе Мутомбо тархины хорт хавдрын улмаас 58 насандаа таалал төгсжээ.
2009 онд зодог тайлсан тэрбээр NBA-гийн бүх оддын багийн бүрэлдэхүүнд найман удаа багтаж, Denver Nuggets, Atlanta Hawks, Philadelphia 76ers, New Jersey Nets, New York Knicks, Houston Rockets багуудад нийт 18 жил тоглосон юм.
Мутомбо 2022 оны аравдугаар сард хорт хавдрын эмчилгээгээ эхлүүлж байжээ.
“Дикембе Мутомбо талбай дээр NBA-гийн түүхэнд хамгийн шилдэг бөмбөг хаагч, хамгийн шилдэг хамгаалалтын тоглогчдын нэг байсан. Тэрбээр талбай дээр бусдад туслахын тулд зүрх сэтгэлээ зориулдаг нэгэн байсан юм” гэж NBA-гийн комиссар Адам Силвер дурссан байна.
Африкийн Конгод төрсөн 2.18 см өндөр Мутомбо анх Жоржтауны их сургуульд суралцаж байхдаа мэргэжилтнүүдийн хараанд өртөж, 1991 оны NBA Daft-ийн дөрөв дүгээр байраар Denver Nuggets багт сонгогдож байжээ.
Хувь хүний халуун дулаан зан чанар, баяр хөөрөө илэрхийлэхдээ үзүүлдэг хурууны хөдөлгөөн нь түүнийг удалгүй алдаршуулсан юм.
Мутомбо 2001 онд Philadelphia 76ers, хоёр жилийн дараа Brooklyn Nets багт тоглож байхдаа хоёр удаа NBA-гийн шигшээ шатанд шалгарч байв.
Зодог тайлсных нь дараа Hawks, Nuggets багууд түүний 55 дугаартай өмсгөлийг дархалж, 2015 онд NBA-гийн Алдрын Танхимд нэр нь залагджээ.
Мутомбо NBA-гийн дэлхий дахины элчээр ажиллаж, эх орондоо хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг байв.
“Тэр сагсан бөмбөгийн спорт нийгэмд, ялангуяа төрөлх Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад болон Африк тив даяар ямар эерэг нөлөө үзүүлж болохыг харуулж чадсан хүн юм” гэж Силвер дурсаж ярьсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!