Уншиж байна ...

П.Нэмэхбаатар: Нарантуул захын хойно цагдаагийн посттой болсноор өглөө бүр ирдэг архичдыг үргээхгүй, эмчилгээнд хамруулж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нарантуул” захын зүүн хойно байрлах иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” нь захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд архидан согтуурах, тэнэмэл иргэд ихтэй, орчны нөхцөл байдал хүнд байсныг цагдаагийн посттой болгож, цэгцэлжээ.

“Мангасын ам” орчмын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэхүү цагдаагийн пост нь нэмэх болон хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц юм. Нийслэлийн Засаг даргаас богино хугацаанд хөрөнгийг шийдэж өглөө.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан орчныг тохижуулах, ойр орчмын том хашаануудыг зөөвөрлөх хөрөнгийг шийдвэрлэж богино хугацаанд үр дүнтэй ажлуудыг хийлээ. Энэ хавийн нөхцөл маш хүнд. “Нарантуул” захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд явган хүний зорчих хөдөлгөөн автомашинтай хамт явдаг учраас түгжрэл ихтэй. Ойр орчимд архидан согтуурах болон тэнэмэл хүмүүс олноор ирдэг. Энд ажиллах найман албан хаагчийг томилсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулах ажлуудыг хийж шаардлага бий. Гэхдээ үүнийг төр дангаараа хийх бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” гэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар "Зөв амьдрах ухаан ТББ, тус дүүргийн Засаг тамгын газрын харьяа байгууллагууд хамтарч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Шижир" амралтын газарт дүүргийн хэмжээнд архидан согтуурдаг, тэнэмэл байдлаар амьдардаг 210 хүнийг нийгэмшүүлэх, буруу зуршлаас татгалзуулах ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжид 37 хүнийг тус амралтын газарт байршуулсан, уг арга хэмжээг 60 хоног үргэлжилнэ. 

Тус байршилд цагдаагийн посттой болсноор өглөө бүр ирдэг, хотын захыг дагасан архичдыг үргээх нь гол биш, тухайн хүмүүсийг архины албадан эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм" гэж ярилаа.