Уншиж байна ...

Согтуугаар жолоо барьсан Жастин Тимберлэйк нийгэмд тустай ажил хийх шийтгэл хүлээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Америкийн поп од Жастин Тимберлэйк энэ оны зургаадугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Нью-Йорк мужийн нутаг дэвсгэрт саатуулагдаж байв.

Түүний үйлдсэн хэргийн шүүх хурал өчигдөр буюу Баасан гарагт өндөрлөж, шийдвэрээ гаргажээ.

Шүүх түүнд $500-ын торгууль, $260-ын нэмэлт хураамж төлүүлж, өөрийн сонгосон ашгийн бус байгууллагад 25 цагийн нийгэмд тустай ажил хийх шийтгэл оноосон байна.

Бас олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдэгдэл хийх үүрэг өгчээ.

Nsync хөвгүүдийн хамтлагийн гишүүн байгаад сүүлд ганцаарчилсан уран бүтээл туурвих болсон 43 настай Тимберлэйк зургаадугаар сарын 18-ны орой Нью-Йорк хотоос зүүн зүгт 160 км зайтай оршдог далайн эргийн Саг Харбор тосгоны ойролцоо зам дээр цагдаа нарт саатуулагдаж байжээ.

Тэрбээр энэ үеэр согтууруулах ундаа хэрэглэснээ үгүйсгэж, согтуурлын хэмжээгээ тогтоолгохоос татгалзсан тул автоматаар Нью-Йорк мужийн нутаг дэвсгэрт жолоо барих эрхээ хасуулсан юм.

Энэ шийтгэл АНУ-ын бусад мужуудад ч бас давхар үйлчилж болзошгүй байна.

“Муж хоорондын Жолооны Зөвшөөрлийн Гэрээгээр ихэнх мужууд хоорондоо цуцлагдсан зөвшөөрөл, замын хөдөлгөөний зөрчлийн мэдээллээ хуваалцах үүрэгтэй байдаг. Тиймээс нэг мужид жолоо барих эрх цуцлагдвал бусад бүх мужид адил үйлчлэх ёстой” гэж Техас мужийн Остин хотод бүртгэлтэй Lee, Gober & Reyna хуулийн фирмийн төлөөлөгч Кеннет Гобер мэдээлжээ.

Грэммийн 10 удаагийн шагналтай Тимберлэйк дүрэм зөрчсөнийхөө дараахан шинэ цомгийнхоо аялан тоглолтоор гадаад явсан тул эхний шүүх хуралдаа видео холбоогоор оролцож байсан юм.

Тэрбээр ойрын өдрүүдэд Ньюарк, Нью Жерси, Брүүклинд тоглолтоо хийхээр Нью-Йорк хотод ирээд байхдаа шүүх хуралд биеэр оролцжээ.

 

Эх сурвалж: Associated Press