Уншиж байна ...

OpenAI хүнтэй ижил эргэцүүлэн бодох чадвартай хиймэл оюуны загвараа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологийн тэргүүлэгч OpenAI компани өчигдөр хүнд хэцүү асуултын хариуг олон талаас нь эргэцүүлэн бодож байж гаргах чадвартай “Strawberry” нэртэй загвараа нийтэд танилцуулжээ.

“Strawberry” нь тус компанийн дотооддоо хэрэглэдэг нэр томьёо бөгөөд өчигдөр нийтэд зарлахдаа о1 ба о1-mini гэсэн нэрээр танилцуулсан байна.

о1 загвар нь өчигдрөөс эхлэн ChatGPT болон түүний API-д нэвтэрчээ.

OpenAI компанийн энэ чиглэлд ажилладаг судлаач Ноам Браун “Жинхэнэ эргэцүүлэн бодох чадвартай хиймэл оюун ухааны загварыг бүтээх чиглэлд OpenAI компани дээр хийсэн ажлынхаа үр дүнг та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байна” гэж блогтоо бичжээ.

о1 загвар Олон Улсын Математикийн Олимпиадын сорилыг 83 хувийн үнэлгээтэй гүйцэтгэсэн нь өмнөх GPT-4o загварын 13 хувьтай харьцуулахад том үсрэлт болсныг OpenAI мэдээлсэн байна.

Бас шинжлэх ухааны асуудлыг шийдвэрлэх чадвараараа хүний PhD түвшнийг даваад байгааг мэдээлжээ.

Шинэ загвар нь асуудлыг олон логик алхамд задалж, боловсруулдаг “chain-of-thought” (бодлын хэлхээ) техникийг ашиглаж байгааг Браун тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл хэрэглэгч тавьж буй асуултаа алхам алхмаар дэлгэрэнгүй тайлбарлалгүй шууд бичиж, хиймэл оюуны загвар өөрөө автоматаар ойлгодог болжээ.

“Бид энэ загвараа хүн шиг асуултад хариулахаасаа өмнө эргэцүүлэн бодоход илүү их зарцуулдаг болгож сургалаа. Сургалтаар тэд сэтгэн бодох үйл явцаа улам боловсронгуй болгож, өөр өөр стратеги турших, алдаагаа ойлгох чадвартай болсон” гэж OpenAI компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters