Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Архины эсрэг тэмцэл Орос оронд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Орос орныг архигүйгээр төсөөлдөггүй уламжлалт ойлголт бий. Судлаачдын тооцоогоор өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст архидалт маш их нэмэгдэж байсан бол сүүлийн 10 жил тасралтгүй буурч байгаа юм. Архидалтын оргил үе нь 1980-аад оны эхэн үе байлаа.

Тоо баримтаас харвал 1960-аад оны үед нэг хүнд 4.6 литр архи оногдож байв. Тэгвэл Брежневийн үе буюу 1970-аад оны эхээр энэ тоо 8.4 литр болж 1980-аад оны эхээр буюу арваад жилийн дотор 10.6 литр болж өссөн байна.

1976-1984 оны үеийг бид улс орны хамгийн “согтуу” үе гэж нэрлэж болно.

Энэ үед Статистикын газраас гэрээр үйлдвэрлэдэг самогон ундааг хүртэл тоолдог болсон байв. Ингэхдээ энэ ундааны гол түүхий эд болох элсэн чихэрний борлуулалтын хэмжээн дээр үндэслэдэг байжээ.

Самогоны хэрэглээ бүр аймшигтай их байсан нь 1984 онд Зөвлөлтийн нэг хүнд дунджаар 13.8 литр самогон ноогдож байснаас харж болно.

80-аад оны эхэн үед архины хордлого нийт үхлийн шалтгааны эрэгтэйчүүдин 1.93%, эмэгтэйчүүдийн 0.81%-д хүрч байв.

Мөн архинаас үүдэлтэй хүн амины хэргийн эзлэх хувь 23.7% , амиа хорлолтын эзлэх хувь 27.7% тус тус байжээ.

Абсолют тоон үзүүлэлтээр энэ нь жил бүр 351,000 эрчүүд, 135,000 эмэгтэй архинаас болж амиа алддаг байсан гэсэн үг. Нийтдээ жилд 486,000 хүн.

Зөвлөлтийн удирдагчид байдал нэгэнт гамшгийн хэмжээнд хүрснийг мэдэрсэн учир 1986 онд Михайл Горбачев архины эсрэг кампанит ажил зарласан билээ.

Энэ нь тэр дороо эерэг үзүүлэлтүүд авчирсан юм. Ингэснээр Орос орон түүхэндээ анх удаа архинаас олдог орлогоо бууруулсан байна. Кампани эхлэхээс өмнө нэг шил архины үнэ 4.7 рубль байсан бол эхэлсний дараа 9 рубль болж өсчээ. Үүний үр дүнд архины хэрэглээ огцом буурчээ.

1985 онд анхны буурсан үзүүлэлт гарч нэг хүнд ноогдох архины хэмжээ 10 литрээс 8.8 литр болсон байна. Тэгвэл 1986 онд энэ хэмжээ 5.2 литр болов. Харин 1987 онд дайнаас хойшх цаг хугацааны хамгийн доод амжилтыг тогтоож 3.9 литр хүрсэн билээ.

Үүнтэй зэрэгцээд эрчүүдийн үхэл эрс буурч, харин төрөлтийн хэмжээ нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 1985 онд архинаас шалтгаалсан эрчүүдийн үхэл 75,000 байсан бол 1987 оны эхээр 40,000 болж буурсан байна.

Архины хордлого нь нийт үхлийн шалтгаануудын хамгийн доод байрыг эзлэх болж.

Хэдий тийм боловч энэ кампанит ажил үндсэн зорилгодоо хүрч чадалгүй 1987 оны эхээр зогссон юм. Шалтгаан нь эдийн засгийн хямралаас болж засгийн газарт архинаас орж ирдэг орлого нь хэрэг болжээ.

Энэ үеэс эхлэн архины хэрэглээ буцан сэргэж ЗХУ задарсны дараа ч үргэлжилсэн билээ. Гэхдээ оргил үеийнхээ дээд амжилтанд дахиж хүрээгүй юм.