Уншиж байна ...

"Rokitbay гэдэг хүний бие даасан тоглолт учир олон уран бүтээлчдээр өргөн болгохгүй"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Реппер Rokitbay-ийн бие даасан "Пуужин Баяраа" тоглолтын мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 

Тоглолт есдүгээр сарын 14-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 

Тоглолтын тов энэ жилийн гуравдугаар сард зарлагдсан бөгөөд энэ хугацаанд тоглолтын зохион байгуулалтаас гадна Rokitbay-ийн дөрөв дэх цомог буюу "Odyssey" цомгийн бүх дуу болох нийт есөн дууг клиптэй болгох ажлыг хийсэн байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Sspiritoj продакшн ажиллаж байгаа аж. 

Тоглолт болон "Odyssey" цомгийн онцлогийн талаар Реппер Rokitbay "Ээдрээтэй их зүйлсээс гол дүр нь ямар нэгэн зүйлийг ойлгож түүнийгээ ялж туулсан маш том адал явдлыг "Odyssey" гэж нэрлэдэг. Энэ цомог нь яг түүнтэй адил хуучин миний залуу байхдаа дуулдаг байсан сэдвээс тэс ондоо юм. Миний амьдралаас мэдэрч, сурсан зүйлүүдийн дагуу зохиогдсон уран бүтээлүүдээс бүрдсэн цомог болсон. Тоглолт маань ч мөн адил адал явдал гэсэн сэдэвтэй байна. Тэр нь энгийн биш сансрын фантастик адал явдал гэсэн хэв маягтай байх болно" гэв. 

"Rokitbay бол өөрийн гэсэн үзэл баримтлалтай өвөрмөц уран бүтээлч"

Хөгжмийн найруулагч Б.Наранзун "Rokitbay  бол өөрийн гэсэн үзэл баримтлалтай явдаг өвөрмөц залуу уран бүтээлч юм. Тоглолтын хувьд бид үзэгчдээ хуурах ёсгүй гэж ярьсан учир бүх дуучид амьдаар дуулах болно. Сонсогдох тал дээр илүү амьд тоглолт болно" гэв. 

"Odyssey" цомгийн бүх клипийн найруулгыг хийсэн мөн "Пуужин Баяраа" тоглолтын тайзны найруулгыг хийж байгаа Blguneehiroshi буюу н.Билгүүн "Тоглолтын эхлэл болон төгсгөл хэсэгт маш их анхаарч байгаа. Хамгийн өвөрмөц, өөр түвшний тоглолтыг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

Тоглолтын гэрэлтүүлэг, дэлгэц зэргийг өмнө нь харагдаж байгаагүй өвөрмөц шийдэлтэй, мэргэжлийн өндөр түвшинд хийхээр зорьж ажиллаж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд засагдсан тоглолтын тайзнуудаас илүү өндөр буюу 23 метр өндөр мөн уран бүтээлчид болон бүжигчдэд оногдох талбайгаараа хамгийн том талбайтай байна гэдгийг зохион байгуулагчид онцлов. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Тоглолтын 60 орчим хувьд нь хуучин цомгийн дуунууд шинэ найруулгаар дуулагдана"

Тасалбарын хувьд хязгаартай зарагдаж байгаа бөгөөд тоондоо хүрээд дуусчих юм бол тоглолтын үүдэн дэх тасалбар олгох касс нээхгүй. Иймд онлайнаар эртхэн авахыг тоглолтыг зохион байгуулагчид анхаарууллаа. 

Rokitbay гэдэг хүний бие даасан тоглолт учир олон уран бүтээлчдийг олон цагаар дуулуулж өргөн болгохгүй гэдгийг тоглолтын ерөнхий зохион байгуулагч продюсер Г.Анхбаяр онцлов. Иймд урилгаар Trishna, Хонх хамтлаг, Davaidasha, Enkhe&Erkhem, Magnet Brain зэрэг уран бүтээлчид оролцож мөн Rokitbay-ийн хөгжимд рок хөгжмийн уур амьсгал байдаг учир RecOn амьд хөгжмийн хамтлагийн гоцлол дуучин BO-той хамтарч ажиллах аж. Hypeman-р Дамбжаа буюу Ц. Бат-Оргил ажиллах юм байна. 

Тоглолтын 60 орчим хувьд нь "Пуужин Баяраа", "Хариуцлага", "Эвдэрхий хүмүүс" цомгийн дуунууд шинэ найруулгаар дуулагдахаар болжээ. Тоглолтын үүд 16:00 цагт нээгдэн тоглолт 19:00 цагт эхэлж 23:45 цаг хүртэл үргэлжлэх аж.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав