Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"ЗГ махны экспортыг зогсоохыг хүсвэл үйлдвэрт шалгалт оруулан зөрчил илрүүлж, үнэ буулгах ажиллагааг шууд бусаар хийдэг"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Шинэ эдийн засаг: Худалдааны хууль хэрэгтэй юу" хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэгт багш судлаачид, бизнес эрхлэгчид оролцон өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм. 

Тэднээс заримыг нь онцлон хүргэе.

Бизнес эрхлэгч О.Нэмэхбаяр "Манай улсын бөөний болон жижиглэнгийн худалдаанд албан бус хэсгийн эзлэх хувь нь хэт өндөр байгаа. Хүнсний салбарт авч үзвэл 40 орчим хувь нь албан бус гэж үздэг. Албан бус худалдаанд салбарын үндсэн органик хуулиуд нь хэрэгжихгүй байна. Органик хуулиуд нь хэрэгжихгүй байгаа салбарт тухайлсан хууль гаргаад хэрэгжихгүй нөхцөл байдал үүснэ. 

Нарантуулаас авхуулаад хүнсний 60 орчим зах бий. Тэнд 80 орчим хувь нь албан бус худалдаа эрхлэгчид. Харин 1,200 орчим супермаркеттай. 

Махны худалдааны бараг 90 хувь нь албан бус салбар. Өрхийн хэрэглээний 22 хувийг мах эзэлдэг. Махны салбар нь Засгийн газрын өндөр оролцоотой. Дээд болон доод үнийг тогтоодог, хямд үнэтэй зээлүүд орж ирнэ.

Зуд болохоор Засгийн газар гарч ирээд төрөл бүрийн хөнгөлөлт дэмжлэгийг махны салбар руу оруулж байна. Экспортын квотыг үхрийн мах дээр тогтоож, экспортын зөвшөөрлийг Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар зэргээрээ дамжуулаад хяналтаа тогтоодог.

Үндсэндээ экспорт хийх үү, үгүй юу гэдгийг Засгийн газар шийддэг. Хэрэв экспортыг зогсоохыг хүсвэл үйлдвэрт шалгалт оруулаад зөрчил илрүүлдэг. Зөрчил ч гардаг, ингээд экспортыг зогсоож, үнэ буулгах ажиллагааг шууд бусаар хийдэг. 

Мөн супермаркетад мах байршуулж зарах гэхээр албан бус худалдаатай харьцуулахад 24 хувийн зөрүү үүснэ. 

  1. НӨАТ-ын 10 хувь
  2. Ажилтны татвар дээр 7 хувь
  3. Үйл ажиллагааны зардал дээр 7 хувь.

Ингээд үнэ дээр 24 хувийн зөрүү үүсэж байгаа. Ийм зөрүү байгаа учраас албан бусууд нь албан руугаа орох боломжгүй. Нөгөө талаасаа албан бус салбараа Засгийн газар өөрсдөө дэмждэг. Үнэ тогтоох гэх мэтээр.

Худалдааны хууль хэрэгжих боломжгүй учраас энэ асуудлыг орхиод төрийн бодлого боловсруулагчид гол ажилдаа орох хэрэгтэй. Болж өгвөл Засгийн газар махны салбарт албан бус худалдааг дэмжиж байгаагаа зогсоож, аль болох оролцохгүй байж, худалдаа эрхлэгчдийг орхих нь эдийн засагт хэрэгтэй гэж харж байна" хэмээв.

Ө.Жамбалсүрэн: Бизнес эрхлэгчид маргаанаа шийдэж чадахгүй 7-8 жил болж байгаа тохиолдол бий

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МҮХАҮТ-ын дэргэдэх Хуулийн бодлогын зөвлөлийн дарга Ө.Жамбалсүрэн "Монголын төр худалдааны хуулийг УИХ-д өргөн бариад есөн жил, хувийн эрх зүйн шинэчлэл хийнэ гээд таван жил боллоо. Шийдэгдсэн асуудал харагдахгүй байгаа. Хувийн хэвшил, бизнесийнхний итгэл алдарсан байх.

Өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж байгаа 800 гаруй хууль нь бизнес эрхлэгч болон хэрэглэгч нарын харилцааг зохицуулсан, бизнес эрхлэгчдэд үүрэг хүлээлгэсэн, хариуцлага ногдуулсан хууль. УИХ хууль гаргахад тэр нь бизнесийг үүрэгжүүлсэн байдаг. 

Бодит байдал дээр хэнээс ч хамааралгүйгээр бие биетэйгээ хэлцэл хийгээд, тэр хэлцэл нь баталгаатай байдаг, шүүх дээр очиход маргааныг нь түргэн шийдээд өгөх тогтолцоо одоо болтол бүрдээгүй. Бизнес эрхлэгчдийн хүсдэг зүйл нь ердөө л тэр. 2024 оны нэгдүгээр сараас эхлээд Нийгмийн даатгалын хууль хэрэгжиж байна. Хувь хүн өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гээд байхад хууль гарсан учраас суутган төлөх ёстой гээд хэлцэл маш өндөр зардалтай болсон. Хувь хүнтэй гэрээ байгуулахгүй болохоор хувиараа аж ахуй эрхлэгчдийг дэмжихээргүй болчхож байгаа. 

Түүнчлэн хувиараа аж ахуй эрхлэгчид бүртгэлгүй учраас бизнес эрхлэгч нь хувиараа аж ахуй эрхлэгчтэй нартай хэлцэл хийхэд найдвартай эсэхэд эргэлзээ үүсдэг. 

Дараагийн нэг асуудал нь гэрээний чөлөөт байдал. Бизнесүүд хоорондоо гэрээгээ байгуулж, үүрэг амлалтаа тохирчхоод байхад шүүх дээр очиход хамтран ажиллах гэрээ байна гэдэг бол дараагийн шатны шүүх нь хамтран ажиллах гэрээ байна гээд Дээд шүүх дээр очихоор буцаачихдаг. Ингээд бизнес эрхлэгчид маргаанаа шийдэж чадахгүй 7-8 жил болж байгаа тохиолдол байна" гэв.