Уншиж байна ...

"Үлдэж байгаа үр хүүхдүүддээ төвөг учруулахгүй байх үүднээс оршуулгын газраа урьдчилан захиалдаг хүмүүс ч бий"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал орчин үе чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Сургуулийн номын санд өнөөдөр зохион байгууллаа. 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 798.5 га талбайд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 гаруй оршуулгын газар байна. Үүнээс

  • 524.5 га зөвшөөрөгдсөн. 
  • 176.5 га талбай хаагдсан.

Ойрын хугацаанд хаагдах, нөөц дууссан 300 гаруй га газар байгаа. Хаагдсан оршуулгын газрууд нь хариуцах эзэнгүй, харуул хамгаалалтгүйн улмаас байгалийн болон бусад нөлөөллийн дүнд булш, бунхны дийлэнх хэсэг эвдэрч гэмтсэнийг “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын тэргүүн,  доктор Г.Идэрмаа илтгэлдээ дурдаж байлаа. 

Бурхан болоочийг оршуулах зан үйл ба тулгарч буй асуудлын талаар “Нью Семетри” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяагаас нэмж тодрууллаа. 



Тэрбээр хэлэхдээ "Зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг тэлэхгүй байхын тулд иргэд мэдлэг, мэдээлэлтэй байх нь нэн чухал. 

Бидний мэддэгчлэн 70 давхрын оршуулгын газар 2021 оноос хаагдсан. Тухайн оршуулгын газрыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор анхны нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж эхэлсэн байдаг. 

Оршуулгын газар илүү эмх цэгцтэй, дурсгалыг нь хүндэтгэж болохоор талбайд байрлах ёстой. Цаашлаад хууль эрх зүйн нарийн зохицуулалт гаргаж, түүнийгээ дагаж мөрдөх хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын тойроод 800 га талбайд оршуулгын газар байна. Үүнээс 500 гаруй га талбай хаагдах болчихсон.

Тухайлбал 

  • Нарангийн энгэр
  • Цагаан даваа
  • 70 давхар
  • Өлзийтийн оршуулгын газар гэх мэтчилэн бий. 

Хот төлөвлөлттэй холбогдолтойгоор оршуулгын газар хаана, хэрхэн яаж байрлахыг нарийн тусгаж, зохион байгуулалт хийх шаардлагатай. 

Энэ бүх зан үйл бурхны шашинтай шууд холбоотой байдаг. Ар гэрийнхнийх нь зүгээс талийгаачийг аль зүгт гаргах вэ гэдгээс шалтгаалан зөв зүгт гаргах хандлага ажиглагддаг" гэв. 

Ихэнх хүн "Энгэр ээвэр сайхан газар" гэдгийг нь хараад л бурхан болоочийг нутаглуулчихдаг

зураг
 

Үргэлжлүүлэн "Улаанбаатар хотын хэмжээнд жилд 7,800-8,800 орчим хүн нас бардаг гэх тоон мэдээлэл бий.

Нас барсан иргэдийн 19 хувийг чандарладаг бол үлдсэн хувийг газарт далд оршуулах үйлчилгээ зонхилж байна.

Одоогийн байдлаар оршуулгын 14 компани үйл ажиллагаа эрхэлж байгаа. Оршуулгын үйл ажиллагааг эрхэлж буй компаниуд нь тухайн газар талбайг эзэмшээд тэнд үйл ажиллагаа явуулж байна. Харин нийтийн эдэлбэр газрыг төр хариуцдаг.

Манай компани нь Нарангийн энгэр болон Өлзийтийн оршуулгын газарт нийгмийн хариуцлагын хүрээнд харуул, манаа хийж, га талбайг зүй зохистой ашиглах үүднээс төртэй хамтарч ажилладаг.

Өөрсдийн үндсэн эдэлбэр дээр байгаль орчинд ээлтэй, эко байдлыг хадгалсан оршуулгыг хийж байна. Нөгөө талдаа мэдээллийн систем, баазыг бүрдүүлсэн. Эргэж тойроход чухам ямар газар талийгаачийн оршуулга байрлаж буйг тодорхойлсон мэдээллийн баазад суурилдаг.

2021 оноос хойш 70 давхрын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийж байна. 

Нийт 10 га талбайн хоёр га дээр нь хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулаад 10 га талбайд хамаарагдаж буй 14,323 бурхан болоочийн чандар шүтээнийг хүндэтгэлтэйгээр хүлээж авч залаад хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан. Мөн дата мэдээллийн бааз үүсгэсэн.

Нүүдэлчин соёлоос суурин иргэншил үүссэнтэй холбогдолтойгоор оршуулгын салбар 70 гаруй жилийн түүхийг туулаад явж байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхантай бид бүхэн хамтарч, зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг хийсэн.

Энэ хавьд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эсэхийг бодохгүйгээр ихэнх хүн энгэр ээвэр сайхан газар гэдгийг нь хараад л бурхан болоочийг нутаглуулчихдаг. Үүний үр дүнд эргээд хотын тэлэлт, хөгжил цэцэглэлт, хүн амын суурьшил, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоонд сөргөөр нөлөөлж байгааг бодох учиртай. 

Зөвшөөрөлтэй газар уу, үгүй юу гэдгийг ард иргэд сайтар нягталж байх хэрэгтэй. Ингэхгүйн улмаас эргээд бурхан болоочийн шарилыг хөндүүлэх, сэтгэл зүйн гэмтэл авах асуудал үүсэж байгаа юм" гэлээ. 

Насан өөд болохоос өмнө оршуулгын газрыг урьдчилан захиалах үйлчилгээ олон улсад нэвтэрсэн. 

Монгол Улсад ч ялгаагүй үлдэж байгаа үр хүүхдүүддээ төвөг саад учруулахгүй байх үүднээс урьдчилан захиалдаг хүмүүс байдаг гэдгийг“Нью Семетри” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа хэлж байв.