Уншиж байна ...

Камала Харрис АНУ-ын ерөнхийлөгч болохыг “дэмжиж” байгаагаа Путин илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганд оролцож буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрисыг ялуулах  хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ тэр энэ үгээ тоглоом шоглоомоор хэлсэн нь илт харагдаж байв.

Сэтгүүлчдийн асуултад Путин “Ерөнхийлөгч Байден өөрийн бүх дэмжигчдэд хатагтай Харрисыг дэмжихийг захисан шүү дээ. Тиймээс бид ч бас түүнийг дэмжих болно” хэмээн ёжтой инээмсэглэн хариулжээ.

Дараа нь тэр “Тэр маш их халдвартай инээдэг нь түүний хувьд бүх зүйл сайхан байгааг харуулж байна. Трамп ОХУ-ын эсрэг өмнөх аль ч ерөнхийлөгчийн тавьж байгаагүй олон хориг арга хэмжээг авсан. Хэрвээ Харрисын бүх зүйл бүтэмжтэй сайн байгаа бол ингэхгүй байх” гэж хэлсэн байна.

Энэ оны хоёрдугаар сард Путин хэлэхдээ Трампаас илүү Байденыг дэмжиж байгаа, учир нь түүнийг “урьдчилан таамаглах” боломжтой хүн гэж байсан юм.

Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп хэрвээ сонгогдвол Украины дайныг 24 цагийн дотор зогсоохоо амлаад байгаа.

Трампын саналыг “нухацтай” хүлээн авч байгаагаа Путин долдугаар сард илэрхийлж байжээ.

Гэхдээ сүүлд Кремлийн хэвлэлийн алба АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон Украины дайны үйл явц өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.

Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого явуулсан Оросын төрийн өмчит RT (Russia Today) телевизийн сувгийн хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэж, гол албан тушаалтнуудыг нь хориг арга хэмжээгээр шийтгэсэн юм.

АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад нийт 10 хувь хүн, хоёр байгууллага нэмэгдсэний дотор RT сувгийн ерөнхий эрхлэгч Маргарита Симоньян, түүний орлогч Елизавета Бродская нар багтжээ.

 

Эх сурвалж: AFP