Францын Парис хотноо болж буй паралимпын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорилоо.
Б.Оюун-Эрдэнэ эхний тойрогт Италийн Веронико Флоренотой учраа таарч, 6:0-ээр ялснаар шөвгийн 16-д шалгарсан юм. Улмаар БНХАУ-ын харваач Ву Чун Янд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Харин Д.Сэлэнгээ эхний тойрогт хийлээд Украины Анна Шевченког 6:2-оор ялснаар шөвгийн наймд үлдсэн. Манай тамирчин Словенийн Зива Лавриничийг 6:4-өөр буулган авснаар хагас шигшээд шалгарсан билээ.
Харамсалтай нь хагас шигшээд БНХАУ-ын Ву Чун Янд 6:4-өөр ялагджээ. Шийдвэрлэх тавдугаар үед манай тамирчин гурван сумаар 10, 7, 9 оноо авсан бол өрсөлдөгч нь 10, 8, 9 оноо тэмдэглүүлснээр шигшээд шалгарчээ.
Д.Сэлэнгээ хүрлийн төлөө Италийн тамирчин Элизабета Минотой цэц сорьсон ч 6:2-оор ялагдсанаар шагналт IV байр эзэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!