Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: ОХУ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх их үйлсэд манлайлал үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Тус айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол болон ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад айлчлал хийж буйд талархал илэрхийлье. 

Бид Халх голын байлдааны энэхүү түүхэн ялалтын баярыг манай хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тулалдсан цэрэг эрсийн гэгээн дурсгалыг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол Улсын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэж ирсэн уламжлалтай. 

Мөнхийн хөрш манай хоёр орны ард түмний хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацааны уртад улам батжин бэхжиж, шинэ агуулгаар өргөжин баяжиж, өдгөө иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд буйг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо. 

Мөн айлчлалын хүрээнд та бид хоёр орны болон бүс нутаг, олон улсын тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцож, өөрсдийн байр суурийн талаар харилцан ярилцлаа. 

Бидний яриа хэлэлцээрийн үр дүнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа. 

Мөн талууд олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, Байгаль нуур Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дүрэмд оруулах өөрчлөлтийн тухай протокол байгууллаа. 

Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын дүнд урагшлах болсонд баяртай байна. ОХУ нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш.

Монгол Улсын худалдааны нийт эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч худалдааны баланс тэнцвэргүй байгааг өөрчлөх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон.

Энэхүү хэлэлцээр манай хоёр улсын худалдааны эрх зүйн орчныг тэлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно хэмээн үзэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулахаар ажиллаж буйг сайшааж байна. 

Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн оронд гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх болно. Ингэснээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй, худалдаа хөрөнгө оруулалт бизнесийн орчин шинэ боломж нээнэ. 

Мөн уулзалтын хэлэлцээний үеэр Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг өнөө цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, эрчимжүүлэхээр санал нэгдлээ. 

Энэ нь манай улсын транзит тээврийн өвөрмөц боломж чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол, Орос, Хятадын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. 

Манай улсын оюутан залуусыг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлээр их дээд сургуулиудад суралцуулах боломжийг нэмэгдүүлэх талаар санал санаачилга гаргаж байгаа талаар чин сэтгэлээсээ талархаж байна. 

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан нээлттэй олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. 

Бид аливаа улс орны түүх, соёл, иргэншил үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлуулахыг эрмэлздэг. 

Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг. 

Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлж, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаа гэдгээ илэрхийлье. 

Эрхэм ерөнхийлөгч өө, таны энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам боллоо. 

Владимир Владимирович Путин болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхнийг өн эртний түүхтэй мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилон саатахыг урьж байна" хэмээн ярилаа.