Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Хятадад ширээний теннисийн тамирчныг гутаан доромжилсон хэргээр сэжиглэгдсэн эмэгтэйг саатуулжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Парисын олимпын ширээний теннисийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтын дараа Хятадын тамирчин, дасгалжуулагчдын нэр хүндэд халдсан сэтгэгдлээ олон нийтийн сүлжээгээр цацсан хэрэгт сэжиглэж нэгэн эмэгтэйг саатуулсан талаар Бээжин хотын цагдаагийн газраас мэдээллээ.

Сэжигтэн 29 настай Хэ овогтийг "Бусдын нэр хүндэд санаатайгаар халдсан. Цахим сүлжээ ашиглаж бусдыг гүтгэсэн нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн" хэргээр саатуулснаа Дасин дүүргийн цагдаагийн газраас Мягмар гарагт хийсэн мэдээлэлдээ онцолсон юм.

Цагдаагийн газраас уг хэргийг шалгаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Энэ сарын 3-нд ширээний теннисийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт болсон. Олимпын аварга Чэн Мэн нутаг нэгт Сунь Иншаг 4:2-оор ялсны дараа Хятадын хөгжөөн дэмжигчид их бухимджээ. 

Тоглолтын дараа Хятадын цахим сүлжээгээр Чэн Мэнийг хараасан бичлэгүүд олширч, Weibo платформд 12,000 пост устгаж, 300 гаруй хаягийг түр хугацаагаар хязгаарлалт хийсэн байна.   

 

Эх сурвалж: Reuters