Сонгомол бөхийн 130 кг-ийн жинд Кубын хоёр бөх алтан медалийн төлөө өрсөлдлөө. Хоёр долоо хоногийн дараа 42 нас хүрэх алдарт Михаин Лопесын эсрэг олон жил түүний бэлтгэл хангагч явсан Чилийн Ясмани Акоста Фернандес шигшээд шалгарсан юм.
Энэ жил 36 настай Акоста Фернандес олимпод анх удаа оролцсон. Тэрбээр 2015 онд Чили улс руу аялах гэж яваад эх орондоо буцаж очоогүй. Улмаар 2017 оноос Чилийн шигшээ багт бэлтгэл хийх болж, дараа жил нь тус улсын иргэншилтэй болсон билээ.
Олимп эхлэхийн өмнө Акоста Фернандес "Кубад байхдаа би үргэлж түүний ард бичигддэг байлаа. Есөн жил түүний бэлтгэл хангагч хийсэн. Би үргэлж түүнээр бахархдаг байсан ч олимп болгоны дараа гуниг төрдөг байлаа. Учир нь миний үргэлж ялдаг тамирчид олимпоос медаль хүртэж байгааг харах гунигтай байдаг" гэж ярьж байв.
Алдарт М.Лопес 2004 оны Афины олимпод оролцож байв. Тухайн үед 21 настай байсан залуу эр хэсгээ ядах юмгүй тэргүүлсэн ч хасагдах шатанд ОХУ-ын Хасан Бароевт ялагдаад тавдугаар байрны төлөө Францын Янник Шепанякийг ялсан билээ.
Түүнээс хойш олимпын дэвжээнд тав дараалан түрүүллээ. Тэрбээр Парист түрүүлснийхээ дараа их спортоо орхиж буйгаа албан ёсоор зарлажээ.
Энэ жинд Ираны Амин Мирзазаде, БНХАУ-ын Мэн Лин Чэ нар хүрэл медаль зүүлээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!