Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн тул халдвар хамгааллын дэглэм баримтлахыг ХӨСҮТ-өөс зөвлөв

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас мэдээллээ. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 2024 оны долдугаар сарын 30-ны 12:00 цаг орчимд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-д ирж тусгаарлагдан, 2024 оны долдугаар сарын 31-ний өдөр лабораториор онош батлагдсан. Уг тохиолдол нь 47 настай эрэгтэй хүн. 2024 оны зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 20-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улс болон Алмата хотод байсан. Мөн долдугаар сарын 17-нд Сан Франциско-Истанбул, Истанбул-Алмата чиглэлд ниссэн. Долдугаар сарын 20-нд Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн" хэмээв.

Улаанбурхан нь халдварын зэрэг өндөртэй учраас бага насны хүүхдүүдээ товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, дор бүрнээ халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатайг зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа "Казахстанд амьдардаг Монгол Улсын иргэн Монголд ирснээс хойш улаанбурхан өвчний шинж тэмдгүүд илрээд, ХӨСҮТ-д сэжигтэй гэсэн оношоор тусгаарлагдсан. 

Улмаар долдугаар сарын 31-ний 15:25 цагт улаанбурхан болох нь батлагдсан. Энэ дагуу хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрсдэлийн үнэлгээг хийхэд хүн амын дунд тархах эрсдэл "Дунд" гэж дүгнэгдсэн. "Дунд" эрсдэлтэй гэж дүгнэгдсэн үед Тохиолдлын удирдлагын тогтолцоог идэвхжүүлэх ёстой байдаг бөгөөд ХӨСҮТ-д тохиолдлыг удирдлагын тогтолцоог идэвхжүүлсэн. 

Улаанбурхан бол туйлын халдвартай өвчин ангилалд хамаардаг. Өөрөөр хэлбэл тухайн хүнтэй ойр байсан вакцин хийлгээгүй, өмнө нь өвчилж байгаагүй бол халдвар авах эрсдэлтэй.

Одоогийн байдлаар зөөвөрлөгдсөн тохиолдлын ойрын хавьтал болсон 52 хүн, тэдний хавьтлын хавьтал 100 гаруй хүнийг тодорхойлж, дархлаажууллаа. Хавьтал судлалын үйл ажиллагаа үргэлжилж байна" хэмээв.

Улаанбурхан өвчний тархалт КОВИД-19 цар тахлын дараа дахин сэргэж байгаа аж. 2023 оны байдлаар 173 оронд 330,000 гаруй тохиолдол батлагдсан байна. Харин 2024 оны эхний долоон сарын байдлаар 178 оронд 341,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 200,000 гаруй нь батлагджээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар халдварын тархалт өндөр байгаа улс орнууд нь Азербайжан, Киргизстан, Казахстан, Йемен, Ирак, Румын, Экваторын Гвиней, Армен зэрэг байна. Иймээс эдгээр  улсад зорчих бол явахаасаа 14 хоногийн өмнө улаанбурхан өвчний вакцин заавал хийлгэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Уг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет болон өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хийлгэх боломжтой.

Түүнчлэн иргэдэд хандан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа "Хүүхдүүдийг есөн сартайд нь болон хоёр настайд нь товлолын дагуу улаанбурхан өвчний вакциныг хийдэг. Гэхдээ хэрэв та есөн сартай болон хоёр настай хүүхэдтэй бол уг вакциныг хийлгэсэн эсэхээ нягтлаарай. Хэрэв үгүй бол яаралтай хийлгэхийг зөвлөе.

Улаанбурхан нь амьсгалын замаар дамжих туйлын халдвартай өвчин тул олон нийтийн газарт үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх, гараа угаах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг хүсье.

Иргэд та бүхнийг айлгах гээгүй. Энэ бол зөөвөрлөгдсөн тохиолдол. Монгол Улсад амьдардаг хүн биш тул халдварыг гадаад улсад зорчих үедээ авсан байх боломжтойг тандалт судалгаагаар тогтоосон. Гэсэн хэдий ч энэ хүн нь долдугаар сарын 20-нд ирсэн. Түүнээс хойш гадуур дотуур явсан зам мөр байгаа учраас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж үзэн эдгээрийг хэлж байгаа юм" гэв.

зураг