Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны олимпын 33 дугаар их наадам Франц улсын Парис хотноо үргэлжилж байна.
Олимпын наадмын энэ өдрүүдэд Монгол Улсыг сурталчлахаар Парис хотын La Villette цэцэрлэгт хүрээлэнд "Mongolia House" үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр "Mongolia House"-д жүдо бөхийн шигшээ багийн тамирчид зочиллоо. Тэдний энэ үеэр Монголынхоо ард түмэнд гэр бүлийнхэндээ, багш дасгалжуулагч нартаа болон ивээн тэтгэгчдэдээ талархал илэрхийлснийг хүргэж байна.
Олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр: Олимпод хоёр ялж, хоёр ялагдсанаар долдугаар байранд орлоо. Медаль авах зорилготой ирсэн. Чадаагүй учир сэтгэл дундуур байна. Хоёрдугаарт тойрогт Испанийн бөхтэй бараг 10 минут хийсэн барилдаан хамгийн хүнд байсан. Давтсан бүхнээ хийсэн. Өдий хүртэл тусалж дэмжсэн багш дасгалжуулагч нар, гэр бүлийнхэн, хамт олон, баг тамирчид, ивээн тэтгэсэн н.Мөнхтуяа эгч, Давка ах, Хилчин спорт хорооныхондоо маш их баярлалаа.
Олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам: Хоёр дахь олимпдоо оролцож байна. Сугалаа эхний тойрогт Испанийн тамирчинтай таарсан. Түүнтэй гурван сарын өмнө зохиогдсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ)-д учраа таарч, хожигдож байв. Тиймээс судалгаа сайн хийж, багш нартайгаа зөвлөлдөж, тактикаа боловсруулаад ялсан. Дараагийн удаад нь Унгарын тамирчинтай таарахад оноо аван илүүрхэж барилдана гэж тооцоолсон. Гэвч миний хувьд тактикийн алдаа гаргаж, гурав дахь торгуулиа авснаар тэмцээнээ өндөрлүүллээ. Хамгийн чухал зүйл бол гэр бүл, багш нар маань сэтгэл зүйгээр маш сайн дэмжсэн. Мөн бэлтгэл хангагч нар их чухал байсан. Бүгдэд нь баярлалаа.
Олон улсын хэмжээний мастер Э.Ариунболд: Олимпын наадамд амжилттай оролцлоо. Өөрийн зүгээс санасандаа хүртэл бүхнээ гаргаж чадсангүй. Уг нь бэлтгэл сургуулилалт маш сайн жигдэрсэн байсан. Манай багийнхан бүгд л тун сайн байлаа. Шөвгийн наймд үлдэх хариуцлагатай барилдаан дээр нутгийн бөх, "Токио 2020" олимпын хүрэл медальт тамирчинтай таарч, тактикийн алдаа гаргаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Маш том зорилготой ирсэн байсан. Намайг дэмжсэн Монголын ард түмэн, багш дасгалжуулагчид, ивээн тэтгэгч байгууллагууд, бэлтгэгч хангагчид, гэр бүл гээд миний ард байсан бүх хүнд чин сэтгэлээсээ намайг дэмжсэнд баярлалаа. Та бүхний ачаар өдий зэрэгтэй яваа шүү. Итгэлийг нь алдсан бол уучлаарай.
Гавьяат тамирчин Ё.Басхүү: Бэлтгэл сургуулилалт 100 хувь байсан. Өөр дээрээ бага зэрэг алдаа гаргаж, сайн төвлөрч чадсангүй. Дэлхийн аваргаас хоёр медаль авч байсан. Хоёр олимпод орлоо. Гурав дахь олимпоо зорино гэж бодож байна. Би өөрөө шартай хүн болохоор "Яагаад энэ медалийг авч болдоггүй юм бэ" гэсэн бодол төрөөд байна. Хожигдлоосоо хүн өөрийн алдааг харж суралцдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!