Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Талибаны засгийн газар Афганистаны томоохон зэсийн ордыг Хятад улстай хамтран олборлох төслийг эхлүүллээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт дэлхийд хоёрт орох Афганистаны томоохон зэсийн нөөцийг олборлох төслийн шавыг Талибаны засгийн газар, Хятадын инженерүүд, албаныхантай хамт тавьжээ.

Нийслэл Кабул хотоос зүүн өмнө зүгт 40 км зайтай оршдог Мес Айнакын ордыг 30 жилийн хугацаанд ашиглах $3 тэрбумын гэрээг 2008 онд Афганистаны өмнөх засгийн газар Хятадын China Metallurgic Group Corporation (MCC) компанитай байгуулж байв.

Гэвч дайн мөргөлдөөний улмаас уг төсөл хэрэгжиж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм.

2021 онд Афганистаны засгийн эрхийг авсан Талибанчууд эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам хайж байгаа.

Ингэхдээ тус улсын газар доорх эрдэс баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг хичээж байна.

“Алдагдсан цаг хугацааг бид хурдтай ажилласнаар нөхөх боломжтой” гэж Афганистаны эдийн засгийн асуудал хариуцсан шадар сайд Абдул Гани Барадар тууз хайчлах ёслолын үеэр хэлжээ.

“Хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцаа улам бүр эрчимжиж байна” гэж Кабул дахь Хятадын элчин сайд Зао Шин энэ үеэр хэлсэн байна.

Талибаны албаныхан Мес Айнакын ордоос хамгийн эртдээ хоёр жилийн дараа зэс олборлож эхэлнэ гэж үзэж байгаа ажээ.

Уг орд нь 11.5 сая тонн зэсийн хүдрийн нөөцтэй гэгддэг.

Brookings Institute байгууллагын тооцоолсноор Афганистанд 2.3 тэрбум тонн төмрийн хүдэр, 1.4 сая тонн газрын ховор элементийн нөөц байгаа ажээ.

АНУ-ын Геологийн Судалгааны Алба тус улсад төмөр, алт, лит зэрэг эрдэс баялгийн нийт $1 их наядын хөндөгдөөгүй нөөц байгаа гэж үздэг.

Гэхдээ энэ их нөөцийг олборлоход аюулгүй байдлын асуудал саад болдог юм.

Лхагва гарагийн ёслолын арга хэмжээ Талибаны зэвсэгт хүчний өндөр хамгаалалт дор зохион байгуулагджээ.

Хятадын ажилчид, мэргэжилтнүүд энэ бүс нутагт халдлагад өртөх явдал байнга гардаг.

Энэ оны гуравдугаар сард Пакистанд амиа золиослогчийн халдлагын улмаас Хятадын таван инженер алагдсан юм. 2021 онд бөмбөг дэлбэрэх үеэр 13 хүн алагдсаны дотор тус улсад далан байгуулах төсөлд оролцож байсан Хятадын есөн ажилчин амь үрэгдэж байв.

2022 оны зэвсэгт этгээдүүд Кабул хотын нэг зочид буудалд халдах үеэр Хятадын таван иргэн алагджээ.

 

Эх сурвалж: South China Morning Post