Уншиж байна ...

Трампын чих бууны суманд оногдсон эсэхэд эргэлзэж байгаагаа Холбооны Мөрдөх Товчооны захирал хэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 13-ны өдөр Пенсильвани мужид болсон сонгуулийн кампанит ажлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдах оролдлого гарсан билээ.

Халдлагын үеэр Трамп баруун чихнийхээ дээд хэсгийг сэт буудуулж, шархадсан гэгдэж байгаа.

Халдлага үйлдсэн этгээд Томас Мэттью Круксыг хамгаалалтын албаныхан тэр дор нь аюулгүй болгосон юм.

Лхагва гарагт Трампын Бүгд Найрамдах Нам олонх болдог Конгрессын төлөөлөгчдийн танхимын Хууль Зүйн Байнгын Хороо энэ асуудлаар Холбооны Мөрдөх Товчооны захирал Кристофер Рэйгээс мэдээлэл авсан байна.

Энэ үеэр Рэй экс ерөнхийлөгчийн чих бууны суманд оногдсон эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Жим Жордан түүнээс Крукс нийт найман удаа буудахад сумнууд нь хаана хаана туссаныг асуусан юм.

“Ерөнхийлөгч асан Трампын тухайд түүний чихэнд туссан зүйл бууны сум байсан уу, эсвэл сумны хэлтэрхий байсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Газарт туссан сум өөр зүйлийг дахин онох боломжтой эсэхийг би яг одоо хэлж чадахгүй. Гэхдээ бид халдлага үйлдсэн этгээдийн бууны дайзанд байсан бүх сумны тусгалыг тооцоолж чадсан гэдэгтээ итгэлтэй байна” гэж Рэй хариулжээ.

Дараа нь Жордан “Эхний буудалтын сум ерөнхийлөгчийг оносон гэж би ойлгож байгаа. Бүр анхны сум. Эсвэл би буруу ойлгоод байна уу?” гэж лавлахад Рэй “Яг одоо надад энэ асуултад өгөх хариулт алга. Манайхан хариултыг мэдэж байгаа гэдэгт би итгэж байна. Гэхдээ яг одоо надад хэлэх зүйл алга” гэсэн эргэлзээтэй хариу өгсөн байна.

Трампыг индэр дээр үг хэлж эхлээд хэдхэн минут өнгөрсний дараа ойролцоох барилгын дээвэр дээрээс Крукс буудаж эхэлсэн юм.

Энэ үеэр уг цуглаанд оролцсон нэг иргэн алагдаж, хоёр хүн шархдаж байв.

Рэйн өгсөн хариултын талаар Трампын сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чюнгээс тодруулахад “Ийм тэнэг хуйвалдааны онолд итгэдэг хүмүүс нэг бол сэтгэцийн өвчтэй, эсвэл улс төрийн шалтгаанаар санаатай худал ярьж байгаа гэж би бодож байна” гэж хариулжээ.

Ерөнхийлөгч байхдаа Дональд Трамп өөрөө 2017 онд Холбооны Мөрдөх Товчооны захирлаар Кристофер Рэйг томилж байсан юм.

Гэхдээ галт зэвсгийн мэргэжилтнүүд Трампын чих сумны хэлтэрхийд биш, суманд оногдсон байх өндөр магадлалтай гэж үзэж байна.

Тухайлбал Нью-Йоркийн Эрүүгийн Хэргийн Шүүхийн Жон Жэй Коллежийн шүүх эмнэлгийн ухааны профессор Питер Диачук сум болон сумны хэлтэрхий аль нь ч байсан экс ерөнхийлөгчийн чихэнд ижил хэмжээний гэмтэл учруулах боломжтойг тайлбарлажээ.

Гэхдээ хэлтэрхий үүсэхийн тулд сум ямар нэг хатуу материалд эхлээд тусаж, задрах ёстой гэнэ.

“Хэдийгээр би тэнд байгаагүй ч миний харснаар мэргэн буудагчийн байрлал, индэр хоёрын хооронд ямар нэг саадгүй байсан. Хэлтэрхий үүсгэх ямар ч зүйл харагдаагүй” гэж тэр тайлбарлажээ.

Трампын засаг захиргааны үед Цагаан ордонд эмчээр ажиллаж байсан Техасын конгрессмэн Ронни Жэксон “Сум ерөнхийлөгчийн толгойгоос нэг инчийн дөрөвний нэгд хүрэхгүй зайтай зөрж, баруун чихнийх нь дээд хэсэгт туссан байна. Сум чихний мөгөөрсний гадаргуугаас доош 2 см сунасан шарх үүсгэжээ” гэж халдлагын дараа гаргасан дүгнэлтдээ бичиж байв.

 

Эх сурвалж: Business Insider