Уншиж байна ...

ПАРИС 2024: Жүдогийн эмэгтэй багийн сугалаатай ТАНИЛЦ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг

 "Парис 2024" олимпын жүдогийн сугалаа өнөөдөр боллоо. Эмэгтэйчүүдийн ангилалд манайхаас таван жинд буюу 48, 52, 57, -78, +78 кг-д эрхээ авсан. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааны №2 Б.Баасанхүү эхний даваанд Малтын жүдоч Катрина Эспоситотой учраа таарлаа. Түүнийг ялвал Хонконгийн Ка Ли Вон, Австрийн Катарина Танзер нарын ялсантай нь барилдана. 

Манай тамирчны тэргүүлж буй "С" хэсэгт Португалын Катарина Кошта бий.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам эхний тойрогт Испанийн Ариан Торо Солерыг ялвал дараагийн даваанд Унгарын Река Папптай хүч үзнэ. Түүний багтсан "Д" хэсгийг Италийн Одетт Жиуфрида тэргүүлж буй юм.

Мөн 57 кг-д дэлхийн хошой хүрэл медальт Л.Энхрийлэн эхний даваанд Косовогийн найдвар Нора Гаяковатай учраа таарах аж. Түүний орсон "С" хэсгийг саяхан дэлхийн аварга болсон БНСУ-ын Мими Ха толгойлжээ.

Эмэгтэйчүүдийн -78 кг-д манай хамгийн залуу тамирчин О.Хүслэн Эквадорын Ванесса Чалатай оноолт таарав. Түүнийг хожвол хэсгийн тэргүүлэгч Израилийн Инбар Ланиртай хүч үзнэ.

Түүнчлэн +78 кг-д А.Адъяасүрэн эхлээд Казахстаны Камила Берликаштай сугалаа таарлаа. Түүнийг ялбал "Д" хэсгийг толгойлж буй Туркийн Кайра Оздемиртай таарах аж. Энэ хэсэгт Токиогийн олимпын аварга Японы Акира Сонэ багтжээ.