Уншиж байна ...

Туул, Хэрлэн, Онон голын ус үерийн түвшнийг давжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 40-60, Эг гол Хантай баг орчмоор 120 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд 10-40 см-ээр дөхжээ.

Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Улз, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/ зэрэг голуудын усны түвшин өчигдрөөс 10-50 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / эх болон адаг хэсгээрээ/, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшнийг 10-25 см, Хурх гол үерийн аюултай түвшнийг 15 см даван хүчтэй үерлэж байна.

зураг
 

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшнийг 10 см орчим давсан хэвээр.

Маргааш буюу долдугаар сарын 26-нд Сэлэнгэ мөрөн Хялганат баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин 40-70 см нэмэгдэж, үерийн түвшнийг 10-30 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 10-15 см нэмэгдэж, аюул түвшнийг 5-15 см , Онон гол Дадал сум орчимд 20 см нэмэгдэж, үерийн түвшнийг 20 см тус тус даван үерлэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг байнга, онцгой анхаарч байхыг санууллаа.

 

Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ