Уншиж байна ...

Оросын гурав дахь бүс нутаг цэрэгт элсүүлэхэд сүлжээний бизнесийн арга хэрэглэж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Оросын эрх баригчид Украины дайнд явах хүн хүчний нөөц бүрдүүлэхийн тулд санхүүгийн арга механизмыг улам түлхүү хэрэглэх болжээ.

Саяхан Воронеж мужийн цэрэг татлагын газар “найзаа дайнд явуулаад мөнгө ав” гэх утга бүхий уриатай сүлжээний бизнесийн загварыг хэрэглэж эхэлсэн байна.

Тус мужид цэрэгт сайн дураар элсэх хүн олж ирэх бүрдээ 15,000 рублийн ($173) шагнал авах нөхцөлтэй болсныг “Верстка” сэтгүүл мэдээлжээ.

Воронежийн цэрэг татлагын газрын төлөөлөгч “Та дүүргийн захиргаанд ирж, энэ хүн чамаар дамжин гэрээ байгуулсан гэдгийг батлах хэрэгтэй. Дараа нь танд 15 мянган рубль өгөх болно” гэж тус сэтгүүлийн сурвалжлагчид тайлбарласан байна.

Воронежийн нэг бизнесмэн “дүүргийн удирдлагуудаас яагаад ийм бага мөнгө амлаж байгааг асуухад тэд удахгүй нэмнэ гэх хариулсан” гэж ярьжээ.

Воронеж нь сайн дурын цэрэг татлагад сүлжээний бизнесийн арга хэрэглэсэн ОХУ-ын гурав дахь бүс нутаг болж байна.

Гэхдээ энэ нь Татарстан, Ярославскийн хязгаарт амлаж буй шагналаас бараг долоо дахин бага юм. Тухайлбал эдгээр бүс нутгуудад амлаж буй шагналын хэмжээ 100,000 рубль хүрчээ.

Энэ долоо хоногийн эхээр Москва хотын захирагч Сергей Собянин цэрэгт сайн дурын алба хаахаар Батлан Хамгаалах Яамтай гэрээ байгуулсан тус хотын оршин суугч бүрд 1.9 сая рублийн ($22,000) нэг удаагийн шагнал олгох болсныг зарласан юм.

Мөн цэргийн албыг нэг жил хаасныхаа дараа 5.2 сая рублийн ($59,600) урамшуулал авах боломжтойг бас мэдэгджээ.

Хэрвээ дайнд шархадвал хүнд хөнгөнөөсөө хамааран $5,690-$11,390-ын тэтгэмж нэг удаа олгох нөхцөлийг танилцуулсан байна.

Харин дайнд амиа алдвал ар гэрт нь $34,150-тай тэнцэх тэтгэмж нэг удаа олгох ажээ.

 

Эх сурвалж: The Moscow Times, CNN