Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын зуны олимпын наадамд Америкийн тэрбумтнуудын хоёр хүүхэд, нэг хүргэн оролцоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас хоёр ба гурав дахь нь Жессика Пегула, Эмма Наварро

Маргааш эхлэх Парисын зуны олимпын наадамд Америкийн тэрбумтнуудын хоёр хүүхэд, нэг хүргэн оролцохоор болжээ.

Тэрбумтнуудын хоёр хүүхэд болох Эмма Наварро, Жессика Пегула нар хоёул талбайн теннисийн төрлөөр АНУ-ын нэрийн өмнөөс өрсөлдөх бол хүргэн Найел Нассар морин спортын төрлөөр Египетийн багийн бүрэлдэхүүнд өрсөлдөх юм байна.

23 настай Наваррогийн аав, хөрөнгө оруулагч Бен Наварро $1.5 тэрбумын бэл бэнчинтэй.

Энэ оны эхээр Эмма Наварро дэлхийн чансаагаар хоёрдугаарт бичигддэг Коко Гауффыг хожиж, Уимблдоны шигшээ тоглолтод шалгарч дуулиан тарьсан юм.

Нэг үе дэлхийн чансаагаар гуравдугаарт бичигдэж байсан 30 настай Пегула хоёр дахь олимпын наадамдаа оролцох гэж байна. Хэдхэн сарын өмнө тэр Берлиний Эмэгтэйчүүдийн Нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм.

Түүний аав Терренс Пегула $6.8 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд газрын тос, байгалийн хийн салбараас олсон мөнгөөрөө NHL-ийн Buffalo Sabres, NFL-ийн Buffalo Bills багуудыг худалдан авч байжээ.

Нассарын хувьд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гэйтсийн ууган охин Жениферийн нөхөр юм.

Тэрбээр 2020 оны Токиогийн наадамд харайлтын төрлөөр 24 дүгээр байр эзэлж байсан бол одоо хоёр дахь олимпын наадамдаа оролцох гэж байна.

Нассар нь одоо гэргийнхээ хамт АНУ-ын Флорида мужийн Вэллингтонд Evergate Stables нэртэй морин спортын төвийг ажиллуулдаг юм.

Морин спортыг хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн спорт гэдэг.

Сайн морьд олон саяын үнэтэй байдаг бол тэднийг арчлахад жил бүр хэдэн зуун мянган доллар зарцуулдаг юм.

2016 оны Риогийн олимпын наадамд Данийн тэрбумтны өв залгамжлагч Анна Каспржак энэ төрлөөр 14 дүгээр байр эзэлж байв.

Гэйтсийн охин, хүргэнээс гадна Стив Жобс агсны охин Эва, тэрбумтан Майкл Блүүмбэргийн охин Жоржина нар морин спортоор хичээллэдэг юм.

Парисын олимпын наадамд өөрийн хүч чадвараар тэрбумтан болсон АНУ-ын нэг тамирчин оролцож буй нь сагсан бөмбөгийн од Леброн Жэймс ажээ. $1.2 тэрбумын хөрөнгөтэй түүнийг одоогоор энэ олимпын хамгийн баян тамирчинд тооцож байна.

 

Эх сурвалж: Business Insider