Уншиж байна ...

Умард Солонгосын агаараар илгээсэн хог анх удаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны хашаанд газарджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын талаас агаарын бөмбөлөгт дүүжилж илгээсэн хог хаягдал өчигдөр Сөүл хотын Ёнсан дүүрэг дэх Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны хашаанд газарджээ.

Энэ оны тавдугаар сарын сүүлчээс хойш Умард Солонгосын эрх баригчид ийм өдөөн хатгах үйл ажиллагааны хүрээнд 10 удаагийн тохиолдлоор нийт 2,000 гаруй уут хог хаягдал илгээсэн юм.

Эдгээрээс анх удаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны хашаанд газардсан нь энэ ажээ.

Өчигдөр өглөөний 7:25 цагт Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб Умард Солонгосын нутаг дэвсгэрээс хөөргөсөн агаарын бөмбөлгүүд  Гёнги мужийн газар нутгийг чиглэн нисэж буйг мэдээлж, иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна.

Нийтдээ 300 орчим бөмбөлөг бүртгэгдсэнээс 250 орчим нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт газарджээ. Тэдгээрийн дийлэнх хэсэг нийслэл Сөүл болон түүний ойр орчимд хүрсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба зарим бөмбөлөг ерөнхийлөгчийн ордны хашаанд газардсан тухай сүүлд мэдээлжээ. Гэхдээ тоо ширхгийг нь дурдаагүй байна.

“Хими, биологи, радиологи, цацраг туяаны шинжилгээ явуулах замаар эдгээр биетүүд ямар нэг аюулгүй болохыг тогтоосны дараа түүж, цуглуулсан” гэж хамгаалалтын албаны мэдэгдэлд өгүүлжээ.

Агаарын бөмбөлгүүд газардах үеэр ерөнхийлөгч Юн Сүк Ёл ордондоо байгаагүйг бас баталсан байна.

Аюулгүй байдлын үүднээс бөмбөлгүүдийг буудаж унагалгүй, агаар дахь хөдөлгөөнийг нь тасралтгүй ажиглаж, унах цэгийг урьдчилан тогтоосон байсныг бас тайлбарлажээ.

Умард Солонгосын энэ өдөөн хатгалгын хариуд Сөүлийн эрх баригчид хил дагуу байрлуулсан суртал нэвтрүүлгийн чанга яригчуудаа ажиллуулж эхэлсэн юм.

Өнгөрсөн Ням гарагт эдгээр чанга яригчуудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн байна.

24 км хүртэл зайд дуу авиа хүргэх чадалтай 24 ширхэг суурин чанга яригч, 16 хөдөлгөөнт чанга яригчийг хоёр Солонгосын хил дагуу ажиллуулж эхэлжээ.

Эдгээрээр Пёняны дэглэмийн эсрэг ухуулга, K-поп дуу хөгжим, Өмнөд Солонгосын үйл явдлын мэдээ зэргийг цацдаг юм.

 

Эх сурвалж: Yonhap News