Уншиж байна ...

Москвад автомашинд тавьсан бөмбөг дэлбэрэх үеэр хоёр хүн шархдав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын нийслэл Москва хотод автомашинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас хоёр хүн шархаджээ.

Нийслэл хотын хойд дүүргийн орон сууцны хотхоны зогсоолд байсан мөнгөлөг өнгөтэй Toyota үйлдвэрийн автомашин дэлбэрсэн байна.

“Хоёр хүн шархадсан. Хохирогчдыг эмнэлэгт хүргэн эмчилж байна” гэж ОХУ-ын дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк сошиал хуудсаараа мэдээлжээ.

Төрийн мэдээллийн агентлаг ТАСС болон бусад хэд хэдэн эх сурвалж эхлээд шархадсан хүмүүсийг Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа”-нд оролцож буй офицер Андрей Торгашев болон түүний эхнэр хоёр гэж мэдээлсэн байна.

Гэвч хэдхэн цагийн дараа Торгашев болон түүний эхнэр эсэн мэнд байгаа, уг дэлбэрэлтэд ямар ч хамаагүй гэсэн мэдээлэл цацагдаж эхэлжээ.

“Энэ бол бүхэлдээ худал мэдээ. Дэлбэрэлт надтай ямар ч хамаагүй” гэж Торгашев ярьсныг РИА Новости агентлаг уламжилсан юм.

Тэрбээр дэлбэрсэн автомашин өөрийнх нь биш, гэр нь Москвагийн өөр дүүрэгт байдаг гэж тайлбарласан байна.

Оросын хууль хүчний байгууллагуудтай ойр ажилладаг Mash Телеграм суваг шөнийн цагаар автомашинд бөмбөг тавьж буй хүний дүрс бичлэгийг сүүлд үзүүлжээ.

Лхагва гарагийн өглөө уг автомашинд нэгэн хүн суух үеэр дэлбэрч буйг харуулсан дүрс бичлэгийг бас тараасан байна.

зураг
 

ОХУ-ын Мөрдөн Байцаах Хороо уг хэргийг шалгаж байгаагаа мэдэгджээ.

2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Украины дайнаас хойш Оросын цэргийн болон Кремлийн бодлогыг дэмжигч хэд хэдэн албаны хүн автомашинд тавьсан бөмбөгийн дэлбэрэлтэд амь үрэгдсэн юм.

Тэгвэл Лхагва гарагийн орой Турк улсын эрх баригчид Москва дахь дэлбэрэлтийг зохион байгуулсан байж болзошгүй Оросын иргэнийг баривчилснаа мэдээлжээ.

Евгений Серебряков гэх нэртэй сэжигтэн Лхагва гарагийн өглөөний 9:40 цагт Москвагаас Бодрум хотод нисэж ирээд баривчлагдсан тухай Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликая сошиал хуудсандаа бичсэн байна.

Оросын Интерполын салбараас ирүүлсэн сэжигтний талаар мэдээлэл дээр үндэслэн түүнийг баривчилжээ.

 

Эх сурвалж: AFP