Бразилын эрэг орчмын далайн уснаас кокаинд хордсон аварга загаснууд илэрснийг судлаачид мэдээлжээ.
Биологичид Рио де Жанейро хотын ойролцоо уснаас шовх хамарт гэж нэрлэгддэг нэг төрлийн аварга загас 13-ыг барьж шинжлэхэд тэдгээрийн булчин, элэг зэргээс их хэмжээний кокаины тун илэрсэн байна.
Өмнө нь далайн амьтдаас илэрч байсан кокаины хэмжээнээс даруй 100 дахин их байжээ.
Аварга загаснуудыг шинжлэх ажлыг Oswaldo Cruz Foundation байгууллага гүйцэтгэсэн байна.
Кокаин үйлдвэрлэгч хууль бус лабораториудын хаягдал, эсвэл хар тамхи хэрэглэгчдийн ялгадас далайн усанд орсноос загаснууд хордсон байж болзошгүй гэх таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлжээ.
Бас хар тамхины наймаачдын тээвэрлэх замдаа далайд хаяж гээсэн кокаины нөлөө байж болзошгүй гэнэ.
Шинжилгээнд хамрагдсан эмэгчин аварга загаснууд бүгд хээлтэй байсан ч үр төлд нь кокаин хэрхэн нөлөөлөхийг одоогоор мэдэх боломжгүй байгааг мэдээлжээ.
Үүнээс гадна кокаин аварга загаснуудын зан авирт хэрхэн нөлөөлдгийг цаашдаа судлах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолсон байна.
Өмнөх судалгаануудаар хүн болон бусад амьтдад кокаин ижил нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлт гарч байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!