Уншиж байна ...

Хятад улс тэтгэврийн насны босгыг нэмэгдүүлэхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хүн амын хөгшрөлтөөс үүдэлтэй тэтгэврийн системийн хямралыг засварлахын тулд Хятад улс ирэх таван жилийн хугацаанд тэтгэврийн насны босгыг шат дараатай өсгөхөөр болжээ.

Тус улсын хүн амын дундаж наслалт АНУ-ын үзүүлэлтийг давж, 78 хүрээд байгаа. 1949 онд Коммунистууд засгийн эрхийг авахаас өмнө дундаж наслалт ердөө 36 байсан гэдэг.

Гэтэл Хятадын тэтгэврийн насны босго дэлхийн улс орнуудтай харьцуулахад нэлээд доогуур байдаг. Тухайлбал цагаан захтнуудын хувьд эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас 60, эмэгтэйчүүдийнх 55 наснаас эхэлдэг бол ажилчин ангийн эмэгтэйчүүдийнх 50 наснаас эхэлдэг байна.

Тэтгэврийн насны босгыг өсгөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Коммунист Намын таван жил тутмын гуравдугаар бүгд хурлаас гаргажээ.

Ямар үе шаттайгаар, хэд хүртэл өсгөх талаар шийдвэрт дурдаагүй байна.

Гэхдээ бусад эх сурвалжуудын мэдээлснээр 65 хүргэх төлөвтэй байгаа ажээ.

Хүн амын хөгшрөлт үргэлжилсээр байвал 2035 он гэхэд тэтгэврийн сан хоосрох эрсдэлтэйг 2019 онд Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны хүрээлэн тооцоолж байсан юм.

Гэхдээ энэ нь коронавирусийн цар тахлын өмнө гаргасан тооцоо тул одоогийн нөхцөл байдлаас илүү өөдрөгөөр харсан хэрэг байв.

 

Эх сурвалж: BBC