Уншиж байна ...

ПАРИС 2024: Сагсан бөмбөгийн төрөлд эвдэгдэж болзошгүй АМЖИЛТУУД

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 23
IKON.MN
Зураг зураг
olympics.com

"Парис 2024" олимпын олны сонирхлыг татаж буй төрөл бол сагсан бөмбөг. Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны лигийн зургаан үнэ цэнтэй тоглогч энэ удаагийн олимпод оролцож буй билээ.

Сагсан бөмбөг сонирхогчдын дунд ярианы сэдэв болж буй шинэ од Виктор Вембаньямагийн анхны олимп, Америкийн эмэгтэй сагсан бөмбөгийн баг найман тэмцээн дараалан түрүүлэх эсэх гээд олон асуулт биднийг хүлээж буй.

Ингээд Францын талбайд эвдэгдэж болзошгүй рекорд амжилтыг сонирхуулъя.

  • Испанийн Руди Фернандес, АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгч Диана Таураси нар талбайд гарвал зургаан олимпод оролцсон анхны сагсан бөмбөгийн тоглогч болно. Тэд хамтдаа "Афин 2004" тэмцээнээс хойш "Парис 2024" хүртэл 20 жил шигшээдээ хүчин зүтгэжээ. Испанийн шигшээ багийн "гол мотор" Р.Фернандес олимпоос хошой мөнгө (Бээжин 2008, Лондон 2012), нэг хүрэл (Рио 2016) медаль хүртсэн бол Д.Таураси алтаас өөр медаль зүүж байгаагүй юм.
  • Леброн Жэймс мөн 2004 оны олимпод анх оролцсон. Гэхдээ Леброн 2016, 2020 оны олимпыг өнжсөн юм. 
  • Энэ удаагийн АНУ-ын эмэгтэй шигшээ багт Кэлси Плам, Жаки Янг нар багтсан билээ. Тэд гурван жилийн өмнө 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпоос алтан медаль авч байв. Энэ удаагийн олимпод 5х5 төрөлд алтан медаль авбал сагсан бөмбөгийн хоёр төрлөөр алтан медаль хүртсэн анхны хослол болно.
  • АНУ-ын эмэгтэй шигшээ баг алтан медаль хүртвэл 1996 оноос хойш найман олимпод дараалан түрүүлснээр шинэ түүх бичих боломжтой. Багийн спортын төрлөөр найман олимп дараалан аваргалсан түүх үгүй юм.
  • АНУ-ын эрэгтэй баг түрүүлвэл Кевин Дюрант дөрөв дэх алтаа зүүнэ. Америкийн түүхэнд багийн спортоор дөрвөн алтан медаль хүртсэн тамирчин одоогоор төрөөгүй байна. Харин олон улсад Францын гандболын тамирчин Никола Карабатич дөрвөн алтан медальтай билээ.
  • NBA-гийн домогт сагсан бөмбөгч Ларри Бөрд 1992 оны Барселонагийн олимпод анх удаа оролцохдоо хэдийнээ 35 нас, 240 хоногтой байв. Түүний энэ рекордыг өнөө жил 36 настай Стефен Көрри шинэчилсэн юм.
  • Энэ жил 39 настай Леброн Жэймс АНУ-ын шигшээд тоглож буй хамгийн ахмад тоглогч юм.
зураг
 

Олимпын наадамд тогтоосон дээд амжилтууд

Нэг тоглолтод авсан хамгийн өндөр оноо: 

  • Эрэгтэй: Нийт оноо 229, АНУ 156:73 Нигери (2012)
  • Эмэгтэй: Нийт оноо 190, Япон 62:128 Бразил (2004)

Нэг тоглолтод авсан хамгийн бага оноо:

  • Эрэгтэй: Нийт оноо 27, АНУ 19:8 Канад (1936)
  • Эмэгтэй: Нийт оноо 100, Сенегал 32:68 Словак (2000)

Хамгийн олон дараалсан хожил:

  • Эрэгтэй: 63 тоглолт, АНУ (1936-1972)
  • Эмэгтэй: 49 тоглолт, АНУ (1992-2016)

Хамгийн олон оноо авсан тоглогч:

  • Эрэгтэй: 1,093 оноо, Оскар Шмид (Бразил)
  • Эмэгтэй: 575 оноо, Лаурен Жексон (Австрали)

Нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогч:

  • Эрэгтэй: 55 оноо, Оскар Шмид (Испани - Бразил, 1988)
  • Эмэгтэй: 39 оноо, Эвладья Славчева-Стефанова (Болгар - БНСУ, 1988)

Нэг тоглолтод хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогч:

  • Эрэгтэй: 20 дамжуулалт, Мануэль Саенц (Мексик - Япон, 1976)
  • Эмэгтэй: 18 дамжуулалт, Руи Мачида (Япон - Франц, 2021)

Нэг тоглолтод хамгийн олон удаа гурвын шидэлт оруулсан тоглогч:

  • Эрэгтэй: 10 удаа гурваас оруулсан, Кармело Энтони (АНУ - Нигери, 2012)
  • Эмэгтэй: 8 удаа гурваас оруулсан, Ён Ха Бен (БНСУ - Чех, 2004 )

Нэг тоглолтод хамгийн олон чөлөөт шидэлт оруулсан тоглогч:

  • Эрэгтэй: 18 удаа, Тони Кукоч (Хорват - Литва, 1996)
  • Эмэгтэй:  14 удаа, Черил Миллер (АНУ - Австрали, 1984) 

 Бусад рекорд

зураг
 

Олимпод оролцсон хамгийн залуу тоглогч:

  • Эрэгтэй: Сенегалийн Адраме Н'Дайе, 1980 оны Москвагийн олимпод оролцохдоо 16 нас, 96 хоногтой байв. 
  • Эмэгтэй: Кубын Андреа Боррелл 1980 оны Москвагийн олимпод оролцохдоо 16 нас, 253 хоногтой байв.

Олимпод оролцсон хамгийн ахмад тоглогч:

  • Эрэгтэй: Аргентинийн Луис Скола, 2021 онд болсон Токиогийн олимпод оролцохдоо 41 нас, 99 хоногтой байв.
  • Эмэгтэй: Испанийн Лайа Палау, 2021 онд болсон Токиогийн олимпод оролцохдоо 41 нас, 332 хоногтой байв.

"Парис 2024"-д оролцож буй тоглогчдоос хамгийн өндөр нь:

  • Эрэгтэй: Францын Виктор Вембаньяма 219 см өндөртэй.
  • Эмэгтэй: БНХАУ-ын Хан Шү 205 см өндөртэй

Энэ удаагийн олимпод анх удаа оролцож буй баг

Өмнөд Суданы шигшээ баг анх удаа сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох юм. Тус улсын сагсан бөмбөгийн холбоо 2011 онд байгуулагдаж, хоёр жилийн дараа Олон Улсын Сагсан Бөмбөгийн холбоонд гишүүнээр элссэн. Саяхан буюу 2017 онд албан ёсоор тэмцээнд оролцох болсон билээ. Өмнөд Суданы шигшээ баг энэ сарын 27-нд Германтай эхний тоглолтоо хийх юм.

 

Эх сурвалж: olympics.com