Уншиж байна ...

Өмнөд Солонгосын Kakao Corp группийг үүсгэн байгуулагч баривчлагдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Kakao Corp группийн үүсгэн байгуулагч Ким Бом Су

Өмнөд Солонгосын технологийн аварга компани Kakao Corp группийн үүсгэн байгуулагч Ким Бом Суг өнөөдөр өглөө цагдаа нар баривчилжээ.

Өнгөрсөн онд K-pop агентлагийг худалдаж авахдаа хувьцааны хууль бус арилжаа явуулсан хэрэгт түүнийг сэжиглэж байгаа юм байна.

Тус компанийн бас нэг удирдах ажилтан өнгөрсөн онд ижил хэргээр шүүгдэж байсан юм.

Өмнөд Солонгосын хамгийн том чат аппликэйшнийг 2010 онд нэвтрүүлж байсан Kakao Corp групп нь 86 их наяд воны ($62 тэрбум) зах зээлийн үнэлгээтэй.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард тус компани SM Entertainment агентлагийг худалдаж авахдаа өрсөлдөгч Hybe агентлагт алдахгүйн тулд хувьцааны ханшийг зохиомлоор өөрчлөх ажиллагаа явуулсан гэж сэжиглэж байгаа юм байна.

Ким Бом Су өөрөө ийм ажиллагаанд оролцсоноо хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Тэрбээр Kakao Corp группийн 24 хувийг эзэмшдэг, хамгийн том хувь эзэмшигч юм.

Нотлох баримт устгах болон гадаадад зугтан гарахаас сэргийлэх зорилгоор Кимийг баривчлах зөвшөөрөл олгосноо Сөүлийн Өмнөд Тойргийн Шүүх тайлбарлажээ.

Одоо бизнесмэнийг Сөүл хотын Намбу Урьдчилан Саатуулах Төвд хорьж байгаа юм байна.

Түүнийг 20 хоногийн хугацаанд хорих бөгөөд мөрдлөгийн явцад прокурорууд цааш хэрхэхийг шийдэх гэнэ.

Хэрвээ буруутай нь тогтоогдвол Kakao группийн онлайн банк KakaoBank дахь Кимийн хувь эзэмшил хөндөгдөж болзошгүй байна.

Өмнөд Солонгосын хуулиар санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн хүн арилжааны банкны 10-аас дээш хувь эзэмшихийг хориглодог юм.

Мөн энэ онд Kakao Corp-ийн төлөвлөөд байгаа хиймэл оюуны технологийн хөрөнгө оруулалт, гадаад зах зээлд өргөжих зэрэг ажлуудад саад учирч болзошгүй байна.

Өнөөдөр өглөө тус компанийн хувьцааны ханш 3.4 хувиар унаж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших хугацааны хамгийн доод түвшиндээ хүрчээ. Энэ он гарснаас хойш хувьцааны ханш нь 24 хувиар унаад байна.

 

Эх сурвалж: Reuters