Уншиж байна ...

Оросын суртал нэвтрүүлэгчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг элэглэн шоолов

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден намынхаа сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, өөрийн оронд дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэрийг дэвшүүлж байгааг зарласан билээ.

Өчигдөр Оросын суртал нэвтрүүлэгчид энэхүү үйл явдлыг янз бүрээр элэглэн шоолж байв.

Тухайлбал Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч Владимир Соловьев төв телевизийн нэвтрүүлгийнхээ цагаар “Өвөө, та хэрвээ барьцаанд байгаа бол нүдээ ирмэж мэдэгдэнэ үү” хэмээн Байденаар даажигнасан юм.

Түүний нэвтрүүлэгт уригдсан зочид бас АНУ-ын ерөнхийлөгч өөрийгөө сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдсаныг мэдэж буй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байв.

Тухайлбал ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “АНУ-д өрнөж буй үйл явдлыг ажиглаж буй бүх хүмүүсийг нэг зүйл гайхшируулж байна. Байден өөрөө сонгуулийн өрсөлдөөнөөс гарах мэдэгдэлд гарын үсэг зурснаа мэдэж байгаа болов уу?” гэж ярьжээ.

Соловьевын шоуны бас нэг зочин, Москвагийн Их Сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Андрей Сидоров “Цөмийн зэвсгийн товчлууртай Камала бол гар бөмбөг барьсан сармагчнаас ч дор юм” гэж Ардчилсан Намын шинэ нэр дэвшигчийг доромжилсон байна.

Россия-1 сувгийн мэдээний нэг сэтгүүлч “Жо Байден нэрээ татаагүй, харин нас барсан байх магадлалтай” гэсэн шинэ таамаг дэвшүүлжээ.

Байден шийдвэрээ зарласны дараа Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход дөрвөн сарын хугацаа байна. Энэ бол олон зүйл өөрчлөгдөж болох урт хугацаа. Тиймээс бид өмнөх асуудалдаа анхаарал төвлөрүүлэх шаардлагатай” гэж мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн явц, үр дүнгээс үл хамааран Украинд явуулж буй дайнд бүх анхаарлаа хандуулах нь Кремлийн хувьд илүү чухал болохыг тэр ийн илэрхийлсэн юм.

 

Эх сурвалж: The Moscow Times